Хүүхдээ зусланд явуулах нь эцэг эхчүүдэд “хүүхэд харах” ажлаас хэдэн 7 хоногоор чөлөөлөгдөх боломж олгодог хэдий ч хүүхдүүдийн хувьд тэднийг “сорьж буй” шинэ адал явдалтай нүүр тулах цаг үе болдог. Ялангуяа анх удаа гэрээсээ хол зусланд явж буй хүүхдүүдэд технологоос чөлөөлөгдөх, аав ээжээсээ хол унтах, бусад хүүхдүүдтэй хамт усанд орох гээд л шинээр сурах, дасах зүйлс их.
150 жилийн түүхтэй Америкийн зуслангийн холбооны /American Camp Association/ гүйцэтгэх захирал Том Холланд хүүхдүүдийг зусланд явуулах нь хичнээн цочроосон бас урамшуулсан хэрэг болохыг сайн мэднэ. Тэрээр энэ жил анх удаа өөрийн 8 настай хүүхдийг зуны зусланд явуулахаар бэлтгэж байна. Ингээд түүнийг хүүхдээ аз жаргалтай сэтгэл хангалуун амраахын тулд эцэг эхчүүд бид хэрхэн бэлтгэх талаар өгсөн зөвлөгөөг сонирхъё.
ЗУСЛАНД ЯВАХ НАС НЬ БОЛСОН УУ?
Түүний хэлснээр зусланд явахад хамгийн тохиромжтой үеийнхэн бол 9 ба түүнээс дээш насныхан. Гэхдээ үүнээс ч бага насны хүүхдүүдэд зориулсан зуслан хаа сайгүй байдаг. Тиймээс Том Холланд эцэг эхчүүд хүүхдээ зусланд явуулахаас өмнө шалгах ёстой 4 чухал зүйлс бий хэмээн үзжээ.
Үүнд:
- Эрт босгож сургах: Нэгэнт зусланд явуулахаар шийдсэн бол хүүхдээ бусад хүүхдүүдийн хамт сонирхолтой байдлаар амрахгүй, өдрийг зөвхөн унтаж эсвэл нойрмоглож өнгөрөөхөөс сэргийлэх хэрэгтэй.
- Зуслангийн талаар сониучирхаж байгаа эсэхийг мэдэх: Хэрвээ тэдний найзууд нь тухайн зусланд байгаа эсвэл хамт явах гэж байгаа тохиолдолд тэд зусланд явахыг ихээр сонирхох болно.
- Өдрөөр зусланд байж үзэх: Хэрвээ хүүхэд тань анх удаа хэдэн 7 хоногоор зусланд явах гэж байгаа бол эхлээд тэднийг 1 өдрийн турш амраадаг зусланд байлгаад үз. Зуслангийн цагийн хуваарь тэдэнд таалагдах эсэхийг эндээс мэдэж болно.
- Хүүхэдтэйгээ хамт майханд унтаж үзэх. Хүүхэдтэйгээ хамт 1 удаа майханд унтаж үзэх нь тэдний сонирхлыг мэдэхэд хялбар байх болно.
ХҮҮХДҮҮД ЗУСЛАНД ХЭР УДААН БАЙЖ ЧАДАХ ВЭ?
Анх удаа зусланд явж буй хүүхдэд 2 долоо хоногоос 1 сарын хугацаа байхад хангалттай.
ТАНЫ ХҮҮХДЭД ТОХИРОХ ЗУСЛАНГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Хүүхэддээ тохирох зусланг анхааралтай сонгох хэрэгтэй. Учир нь энэ бол таны хүүхдийн хувийн эд зүйлсээс эхлээд эрүүл мэнд, хоол хүнс, аюулгүй байдлыг хариуцах ёстой газар.
Хүүхдийн зусланг сонгохдоо дараах зүйлсийг сайтар анхаараарай.
- Байршил: Мэдээж хүүхдээ хэр хол байрлах зуслан руу явуулах эсэх нь таны сонголт. Гэхдээ Том Холланд аль болох хол зуслан руу хүүхдийг явуулахыг илүүд үздэг. Бас хэр хол явж байгааг хүүхдээсээ нуулгүй үнэнээр нь хэлээрэй хэмээн зөвлөж байна.
- Арга хэмжээ: Ямар төрлийн клуб, дугуйлан байх, ямар төрлийн арга хэмжээ болох талаар сайн судалж хүүхдийнхээ сонирхлын дагуу зуслан сонгоорой.
- Хүйс: Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг явуулахдаа эрэгтэй эмэгтэй хүүхдүүд явж байгаа эсэхийг, тэдний хооронд ямар тэмцээн уралдаан, ялангуяа ямар төрлийн бүжиг явагдахыг маш сайн судлах хэрэгтэй.
Нэгэнт аль зуслан руу хүүхдээ явуулахаа шийдсэн бол тухайн зуслангийн захирал руу залгаж тэдний суусан унаа, автобус болон жолоочийн талаар лавлан, аюулгүй хариуцлагатай явж хүрэхийг сануулах хэрэгтэй хэмээн Том Холланд зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ZERGNET.COM