“Хүүхдэд мөнгөө яаж хадгалах бус яаж үржүүлэх вэ гэдэг ухааныг багаас нь заах хэрэгтэй”
Тусгаар тогтнол-Эв нэгдлийн эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Боловсрол эрүүл мэндийн бодит баталгаатай нийгэм байгуулна” гэж заасан.
Өнөөдөр ерөнхийдөө бүх сурагчид 9-р анги хүртлээ ижилхэн суралцаж байна. 9-р ангиасаа нэг хэсэг нь мэргэжлийн сургуульд, нэг хэсэг нь ахлах ангидаа ордог. 12-р анги төгсөөд дээд сургуульд нэг хэсэг нь, ажлын байран дээр зарим хэсэг нь очдог. Одоо энэ загварыг өөрчилмөөр байгаа юм. Мэргэжлийн суурийг 10,11,12-р ангиудад өгөх нь зүйтэй. Хэрэв тэгвэл 12-р анги төгсөөд шууд ажил дээр гарахад ажиллах чадвартай байна шүү дээ. Жишээ нь миний удирддаг Эдийн засгийн ахлах сургуульд 10,11,12-р ангиудад бизнес, эдийн засгийн онолын суурь хичээлүүд ордог. Энэ хүүхдүүд бол төгсөөд шууд бизнест ажиллах боломжтой. Ажиллаж байгаад их дээд сургуульд орох ч боломжтой байгаа юм.
Ер нь ЕБС-т хүүхдүүдэд бүх төрлийн шинжлэх ухааны хичээл ордог л доо. Гэтэл их дээд сургуульд ороод мэргэжлээрээ сурахаар энэ олон шинжлэх ухаанууд ихэнх нь хэрэггүй болно. Жишээ нь эдийн засгийн ухаанаар явах гэж байгаа хүүхдийг хими, физик, биологиор дарамтлах хэрэггүй байгаа юм. Зүгээр ерөнхий тойм үзээд л бусад хугацаандаа ирээдүйд хэрэгтэй шинжлэх ухааныхаа суурийг үзэх ёстой. Илүү хичээлүүдийг харьцангуй бага юм уу, лекц маягаар орж болно гэж бодож байна.
Хүүхдүүд багаасаа бизнес сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Бусад орнуудын жишигээс харахад хүүхдүүдэд санхүүгийн суурь боловсролыг бүр дунд ангиас нь зааж байна. Бид нар шиг дунд сургууль төгсөөд, их сургууль төгсөөд дараа нь бизнес хийж цаг алдах биш, дунд сургуульд нь заачихвал энэ хүүхдүүд чинь дээд сургууль төгсөөд компани байгуулаад үйлдвэрлэл эрхэлж эхэлнэ шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд багаас нь бизнесийн чадвар, гэрээ хэлэлцээр хийх, төсөл бичих, үнэлэх зэрэг чадварт сургаж байна.
Одоо зарим сургуулийн ахлах ангид Санхүүгийн боловсрол гэдэг хичээл орж эхлэх гээд туршилтын шатандаа явж байна. Энэ нь мөнгөө яаж хадгалах вэ гэдгийг заах юм л даа. Харин бид мөнгөө яаж хадгалах бус яаж үржүүлэх вэ гэдэг ухааныг л зааж байгаа юм.
Эх сурвалж: Нэр дэвшигч Н.Дашзэвэгийн сонгуулийн штаб