ЭЕШ-ын үеэр материал задарсан гэх мэдээлэл гарч өнгөрөгч даваа гаригт /2016.06.20/ Сурагчдын холбоо болон эцэг, эх, төгсөгчдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарласныг хүргэсэн билээ. Харин өчигдөр /2013.06.21/ энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэхдээ “Одоогоор сэдэв задарсан мэдээлэлтэй холбоотойгоор хуурамч материал зарж байсан хэсэг бүлэг хүмүүсийг шалгуулж байна. Харин шалгалтын баар кодтой холбоотой асуудлыг ТЕГ-ын кибер аюулгүй байдлын албанд хандаж, шалгаж байгаа. Ойрын гурван хоногийн хугацаанд хариу гарна. Холбогдох байгууллагуудын хариуг албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж, мэдээллэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдээлжээ.
Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан 362 мянган иргэнд өнгөрөгч даваа гаригт эхний 100 мянган төгрөг нь орсон байна. Харин энэ сарын 14-нд хүсэлтээ гаргасан иргэдийн мөнгө өчигдөр оржээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбоо энэ сарын эхээр ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр гарснаар, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтод 2016 оны олимпод оролцох боломж гарч ирсэн юм. Тэгвэл тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Олимпод оролцох талаар яах ийхээ шийдээд, тодорхой мэдээлэл тавина” гэжээ.
Авлигатай тэмцэх газар “Хүүхдийн шударга байдлын түвшний судалгаа”-г саяхан хийжээ. Судалгааны дүнгээс харахад хүүхдүүд том болох тусмаа, анги ахих хэрээр шударга байдлаа гээдэг болох нь анзаарагджээ. Мөн охид хөвгүүдээсээ илүү шударга зантай гэдгийг судалгаа харуулсан байна. Хүүхдүүдийн дунд авлигын талаарх ойлголт сул байгаа хэдий ч эцэг, эх, багш нартайгаа амьдралын үнэн зөв, худал хуурмаг, шударга болон шударга бус үйлийн талаар ярилцдаг байх тусмаа хүүхдүүдэд шударга зан илүү төлөвшдөг байна.
Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт /Говь-Алтай аймаг/ МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан, Н.Бүргэдааг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг үндэслэн, дээрх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан байна. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх заалтыг үндэс болгожээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иений /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөр 2016 оноос эхлээд долоон жил хэрэгжих юм байна. 2016 онд Монгол Улсаас 22 хүн уг төсөлд хамрагдана. Үүний 18 нь төрийн албан хаагч, хоёр нь хувийн хэвшлээс доктарантурын сургалтанд хамрагдах юм байна.