”Нэр цагаан” гомдоллогч

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

”Нэр цагаан” гомдоллогч

УИХ-ын гишүүн Долцонгийн Дондог. Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа ч Ардын намын лидер улстөрчдийн эгнээнд хараахан шилжээгүй нэгэн юм. Гэсэн ч хуучнаар МАХН буюу одоогийн Ардын намд элсэн орж, намын үүрэг даалгаврыг идэвхтэй биелүүлсэн нь түүнийг лидер биш юмаа гэхэд улстөрч болгосон. Д.Дондог гишүүн өөрийгөө “нэр цагаан” гэж үздэг. Олон нийтэд ч ингэж харуулж, мэдрүүлэхийг хүсдэг. Гэсэн ч хүн нууж, хааж хичээх тусам зарим нэг нууц задардаг сөхөгддөг болохыг Д.Дондог гишүүн өөрийн биеэрээ батлах нь тэр. Учир нь туслахынхаа нэрээр газрын хууль бус наймаа хийсэн, мөнгө луйвардсан гэх үндэслэлээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн. Харин ангийн андаа өмөөрч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Хүлээн авах боломжгүй” гэсэн хариу илгээсэн. Гэвч тусыг эс олов. Эсрэгээрээ байдлыг хүндрүүлж, Ерөнхий прокурорын газраас да­хин бичиг хүргүүлэхэд хүрчээ. Тэд ямартай ч УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түд­гэл­зүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юм. Хоёр талд “цаас” шидэлцэж байх зуур төрийн түшээ маань хэвлэлийнхэнд орон тооны бус туслахдаа гомдож байгаагаа дуулгав. Арай ч ийм увайгүй зүйл хийхгүй байх гэж бодсон, бас итгэсэн юм байх. Гэтэл “Туршлагатай улстөрч хүн нэг муу туслахад хулхидуулна гэж байх уу, аль эсвэл гуйл нь цухуйж байгаа юм болов уу. Тэгээд туслах гэх хүндээ хамаг бурууг чихэж байна” гэж хар­дах, ярих хүн олон бий. Үнэний ортой ч байж мэдэх л юм.  Ядаж л гэмт хүн гэлбэлзэнэ гэж нэг үг байдаг даа.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж