“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэн гарч байна

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэн гарч байна

“Ачлал” их дэлгүүрийн хойно, Хүүхдийн ордон, Циркийн хойд талд нийтийн эзэмшлийн талбайд хууль бус зөвшөөрөл олгосон газруудыг танилцуулсан “Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэн өнөөдөр /2016.06.21/ Чингисийн талбайд дэлгэгджээ.

Уг үзэсгэлэнд Нийслэл хотын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршилд хууль бус зөвшөөрөл өгсөн газрын гэрчилгээ, тухайн үеийн хотын удирдлагуудын зурагтай нь хавсарган харуулсан байлаа.

Төв талбайгаар алхаж явсан иргэн Б.Амархүү “Энэ үзэсгэлэнд манай байрны зураг гарсан байхаар нь сонирхож харлаа. Би Баянгол дүүргийн З дугаар хорооллын 14 дүгээр хороонд оршин суудаг. Манай 15 дугаар байрны өмнөх талбайд хүүхдээ салхилуулъя гэхээр хажууд нь машины граш, урагшаа шат байдаг. Манай байрыг тойруулаад өгсөн хууль бус газруудыг буцааж өгөхийг хүсч байна” хэмээн ярилаа.

Харин үзэсгэлэнг зохион байгуулж байгаа “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын зүгээс “Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хэд хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар өмнөх хотын дарга нарын олгосон газруудын үнэлгээ 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого хотын төсөвт орох ёстой байсан тухай ярьсан. Бид өнөөдөр 400 м.кв газрыг авч үлдэхийн тулд бүтэн 12 жил хөөцөлдөж байна. Үзэсгэлэнг зохион байгуулж байгаа маань үүнээс үүдэлтэй” гэж тус ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг хэлэв.

“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнг энэ сарын 27-ныг хүртэл Чингисийн талбайд дэлгэж, ард иргэдийн санал, гомдлыг хүлээн авах гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж