Хүчит бөхтэй, мэргэн хараатай, хурдан морьдын шандастай наадмын чимээ ойртжээ. Хориодхон хоногийн дараа дэлхий дээр ганцхан байдаг монгол наадам болно. Зөнгөөрөө, аясаараа монгол хүн наадам дөхөх тусам түүнд сэтгэл яардаг.
Наадмаар яаж баярлан, наадмаар юу үзэх вэ?
Энэ асуултын хариу болгон, “Харанга” хамтлаг Чингисийн талбайд бүрэн хэмжээний амьд тоглолт хийх болсон тухай шинэ мэдээ дуулгая.
Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингисийн талбайд үндэсний баяр наадамд зориулсан урлаг, соёлын арга хэмжээг нилээд өргөн хэмжээнд зохион байгуулдаг болсон. Энэ жил ч өмнөхөөс дутахгүй сонирхол татсан тоглолтыг нийслэлчүүдэд толилуулах бөгөөд тэдгээрийн нэг нь долдугаар сарын 11-нд төв талбайд болох шоу, түүний гол баатар нь “Харанга” хамтлаг байх ажээ.
Баярын цэнгүүний ерөнхий найруулагчаар “Up music” продакшн ажиллаж байна.
Б.ЭНХ