Нэр дэвшигч О.Амартүвшинг ирэх сургаар Хангал сумын ахмад буурлууд, ангийнхан, найз нөхөд нь олноор цугларч хөлтэй угтлаа. Хангал сумын малчин Б.Хүрэлбаатар нутгийн хүнсний дээж арвай тэргүүтнийг барьж, амжилт хүссэн бол ангийн найзууд нь ихэд дотночлон угтав. О.Амартүвшин өнгөрсөн онд 90 жилийнхээ түүхт ойг тэмдэглэсэн сумын дунд сургуульд 1986-1990 онд суралцаж байжээ. Багаас нь мэдэх хүний бага эмч, ахмад настан Д.Нарантуяа гуай: “Мөшгөөртэй тоодгор бор дээл өмсөөд гүйж явдаг байсан жаахан хүү өдгөө ус нутгаа зорин УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад баяртай байна. Отгондаваа гуайнхтай айл аймаг олон жил явсан. Манай хүүхдүүдтэй ундааны бөглөө давтаж тоглоод орж гараад гүйж явдаг, их томоотой сурлага сайтай хүүхэд байсан. Ээж нь сувилагч, аав нь малын эмч учраас эмнэлгийн салбарыг ч, мал аж ахуйг ч сайн мэдэх учиртай. Би ер нь хурал цуглаанд оролцоод байдаггүй. Харин энэ удаад нутгийн хүүгээ дэмжихээр ирлээ” хэмээсэн.
Нутгийн иргэд нэр дэвшигчид хандан “Хангал сум тэр чигтээ газар тариалан хөдөө аж ахуйн бүс нутаг. Ойгоо түшиглэн хөгжих ч бололцоотой. Энэ боломжийг ашиглахад эдийн засгийн мэдлэг өндөртэй, нутгийн хүү О.Амартүвшин дэм болно” гэж үзэж буйгаа ч уулзалтын үеэр дуулгав.
Ахмад настан Г.Сэрд: “Нутгийн нэрийг өндөрт өргөж яваа О.Амартүвшин бүтээлч, хөдөлмөрч, эхэлсэн ажлаа заавал гүйцээдэг хүү. Гэхдээ энэ хайран хүү УИХ-д заавал суух шаардлагатай байна уу. Хэвлэл мэдээллээс үзэхэд УИХ гэдэг бохир зүйлд ийм бүтээлч залуугаа алдчих юм шиг санагдаад байна” гэж үнэн сэтгэлээ ч хэлж байв. Настай хүний үгийг ойлгосон О.Амартүвшин “Иргэн баян байж улс хөгжинө. Угтаа хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжиж байж, төрийн хүнд суртал дарангуйллаас ангид байж л ажлын байр бий болно. Төрд засах, үргэлжлүүлэх олон зүйл бий. Надад хамаагүй гээд амиа бодоод явах хүсэл надад байхгүй учраас улстөрийн алхам хийж байгаа юм. Өөр нэг шалтгаан нь нутаг усны минь байр байдал намайг ийм сонголт хийхэд хүргэсэн” гэж хариулав. I багийн малчин Б.Шаравсамбуу: “Бид намаас зохион байгуулсан ярилцлага, нэр дэвшигчдийн уран цэцэн үгийг дөжиртлөө сонссон. Тиймээс энэ удаад намыг биш хүнийг сонгоё. Нутгаа гэсэн сэтгэлтэй хүн гарч байж улс, аймаг хөгжинө” гэв.
II багийн малчин Насантогтох гуай: “Дээд боловсролтой залуус олноороо ажилгүй байна. Мал малла гэхээр үгүй гэх юм. Эцэг эхийн хөөрөнгөөр наадсан ийм үргүй зардлыг бууруулах ёстой. Үүн дээр анхаарч ажлаарай. Бид дэмжинэ” гэв. I багийн малчин Б.Тогоо Амартүвшингийн аавынх нь жолоочоор ажиллаж, айл аймаг байсан үеийнхээ дурсамжийг ярьж, дэмжихийг уриалсан юм.
Эх сурвалж: Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин. Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб