Төрийн ордонд бүх оддын тоглолт зохион байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд бүх оддын тоглолт зохион байгуулъя

ТӨРИЙН ОРДОНД БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЪЯ

Эрхэм гишүүд хуралдаж, хуулиа батлах гэсэн чинь анхаарал нь нэг л сайн төвлөрч өгдөггүй ээ. Тэд дотроо “Дуу­чин Д.Болдын дууг… Сон­гуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа засна… Гэхдээ энэ удаагийн эрдэм шин­жилгээний хурлаар… да­хиад л Д.Болд дуулаад байна уу даа” гэж бодоцгоож байв. Аргагүй шүү дээ. Төрийн ордонд дуучин Д.Болд тайлан тоглолтоо тавьсан юм чинь. Хажуугаар нь ор­дны өрөө, тасалгаагаар яам, тамгын газрынхан болон, газар, агентлагийнхан, улс төрийн намууд хурал, сур­галт зохион байгуулна. Д.Болд ч арай хэтэрсэн. Гэтэл өнөө албаны дарга, эрдэмтэд нь бас Д.Болдын хоолойноос давж гарах гэж орилсон учир тэдний яриа ордны зузаан ханаар нэвтэрч эрхэм гишүүдийн хууль батлах их үйлсэд саад болсон юм байх. УИХ-ын дэд дарга Г.Батхүү үүнийг анхааралдаа авч, Төрийн ордны өрөө­нүүдийг түрээслэхээ больё гэх санал гаргажээ. Шалтгаан нь “Гишүүдийн ан­хаарал төвлөрч өгөхгүй байна. Элдэв бусын чимээ орж ирээд тархи толгойг нь самууруулж орхилоо” гэх өгүүлбэр. Тэгэхээр нь ингэж бодлоо. Уг нь ордонд дуу дуулахыг хориглочихвол ху­рал, семи­нараа мөрөөрөө зо­хион бай­гуулаад явж байгаа хүмүүс ч бас хана нэвтэртэл орилохгүй байж мэдэх юм. Тэгэхээр тэдэнд өрөө, тан­химуудаа тү­рээслэхэд яагаад болохгүй гэж. Хөөрхий, уг нь мөрөөрөө л байгаа шүү дээ. Ер нь ийм ядаргаатай дүрэм зохиох хэрэг байна уу.

Дүрмийг зөрчих гэж гаргадаг гэж ярьдаг. Харин зөрчиж байгааг нь хэн ч мэдэхгүй бол зөрчсөнд тоо­цохгүй. Одоо жишээлбэл, нэг гишүүн ажилдаа жинсэн өмдтэй оч­лоо гэж бодъё. Харин хэн ч анзаарч  харахгүй бол ямар ч хэрэггүй. Тэгэхээр албаар өмд рүүгээ цай асгаж, хүмүүсийн анхаарлыг татан, дүрэм зөрчиж байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Тэгэх гэж л жинсэн өмд өмсөж ирсэн юм байгаа биз дээ. Дүрэм зохиосны хэрэг энд л гарна. Хэрэв “Төрийн ордны өрөөнүүдийг түрээслэхээ больё” гэх шийдвэр гарчихвал түү­нийг бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг албаар зөрчиж, бүх оддын тоглолтыг тэнд зохион байгуулдаг юм шүү. Юмыг яаж мэдэх вэ, нойрмоглож суусан зарим гишүүн сэргээд ирэх ч юм билүү. Өөр бусдаар бол Төрийн ордны өрөөг түрээслэхийг болиулсны ашиг гэж байна уу. Байхгүй дээ, аягүй бол. Сайн бод.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж