“Хувьцааны мөнгө орлоо” гэх мессеж өчигдрөөс иргэдийн утсанд ирж, хөл хөөр болж эхэлжээ. Олны хөл цугларсан газраар явж байхад “нөгөөх чинь орсон уу” хэмээн нүдээ ирмэлцэн инээх залуус ч харагдана.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг иргэд энэ сарын 13-наас худалдах эрх нь нээгдсэн. Ингэснээр арилжааны бүх банкинд иргэд хувьцаагаа худалдах хүсэлт гаргаж эхлэв. Энэ удаад хувьцааны 30 хувиа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэн бий. Харин өнгөрсөн долоо хоногт тэдний талаас илүү хувь нь буюу нэг сая гаруй иргэн хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлт гаргажээ. Харин яг долоо хоногийн дараа тэдний эхний 100 мянган төгрөг орж эхэллээ. Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан 362 мянган иргэнд өчигдөр эхний 100 мянган төгрөг нь орсон байна. Харин энэ сарын 14-нд хүсэлтээ гаргасан иргэдийн мөнгө өнөөдөр оржээ.
Эхний хоёр хоногт хувьцааны мөнгөнд Засгийн газраас 67 тэрбум төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлээд байна. Засгийн газар хувьцааны мөнгөнд нийтдээ 495 тэрбум төгрөгийг зарцуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Хувьцаагаа худалдах эхний өдөр арилжааны банкууд иргэдийн хөлд дарагдсан. Ялангуяа “Хаан банк”-ны гадна урт дараалал үүсч, иргэд өглөө эртлэн босч оочер авсан байв. Харин өнөөдрийн хувьд банкуудад оочер дугаар харьцангуй багасчээ. Өмнөхийг бодвол хувьцаагаа худалдах иргэд олноор цугларч, замбараагүй байдал үүссэн зүйл багассан байна.
Ингээд иргэдийн дансанд долоо хоногийн зайтай 100 мянган төгрөг шилжиж орно. Одоо хувьцаагаа худалдах боломжтой 600 гаруй мянган иргэн үлджээ. Эдгээр иргэний хувьд өөрөө хүсвэл хувьцаагаа мөнгө болгож болно. Хүсэлтээ арилжааны банкуудад хэзээ ч гаргаж болно хэмээн мэдээлж буй.
Ямартай ч иргэн та хувьцаатай эсэхээ https://net.schcd.mn/registration/ эндээс шалгаж болно. Хэрэв хувьцаатай бол худалдах хүсэлтээ арилжааны аль ч банкинд гаргаж болох юм.
Арилжааны банкуудын тавьж буй нийтлэг шаардлага:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг
- Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
- Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
- Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/
- Тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх
- Өөрийн биеэр ирэх гэсэн шаардлагуудыг тавьж байна.