Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

ФРАНЦ ТЕХНОЛОГИ II

-Штраусс Каны эсрэг дахин нэг хэрэг сөхөгдсөн нь түүнийг Францын улс төрөөс бүрмөсөн зайлуулах гэсэн оролдлого уу-

Францын Сангийн сайд Кристина Лагард Олон улсын валютын сангийн тэргүүнээр сонгогдох тэрхэн агшинд Нью-Йоркийн шүүхийн танхимд зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг худал мэдүүлэг өгч, хүн гүжирдсэн хэрэгт буруутган ял төлөвлөж эхэлжээ. Бүтэн сар гаруйн турш дуулианы эзэн болсон тэр эмэгтэй Доминик Штраусс Каныг гүтгэж, өөрийг нь хүчиндсэн хэмээн худал хэлсэн юм байж. Тэр ч байтугай цагаачлах эрх хууль бусаар олж авахыг оролдож, банкин дахь хадгаламжийнхаа тухай баахан зүйл зохиогоод ярьчихаж гэнэ. Ямартай ч Штраусс Кан буруугүй нь нотлогдон суллагдаж, харин Их Британийн “Телеграф” сонинд түүнийг “Нэрээ цагаатган Францын улс төрд эргэн ирэх боломжтой боллоо” хэмээн бичжээ. “Хэрэв тэр өөрөө хүсэх юм бол Францын сөрөг хүчин болох Социалист намаас удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж яагаад болохгүй гэж” хэмээн Францын Ерөнхий сайд асан, зүүний хүчний томоохон төлөөлөгч Жин Луйс Борло мэдэгдсэн байна. Гэвч Штраусс Каныг өөрийг нь хүчирхийлэхийг оролдсон хэмээн нэгэн сэтгүүлч бүсгүй буруутгаж, дахин шинэ хэрэг сөхөн гаргаж иржээ. Өчнөөн олон асуудалд орооцолдчихсон хэрнээ дахиад босоод ирэх чадалтай, хүчтэй улстөрчийг нэгмөсөн нам араанд нь оруулахын тулд Н.Саркози ийнхүү дахин өөр нэгийг сэтгэсэн ч байж болох юм. Яагаав нөгөө, франц технологи гэдэг чинь энэ шүү дээ.

Штраусс Кан бол Францын нэр нөлөөтэй улстөрч. Олон улсын валютын сангийн тэргүүн гэдэг утгаараа дэлхий дахинд ч нэр хүндтэй байж. Тиймээс түүнийг Нью-Йоркийн нисэх онгоцны буудал дээр баривчлах үеэс эхлээд энэ бүхний цаана Францын Ерөнхийлөгч Н.Саркозигийн явуулга, Олон улсын валютын сангийн үйл ажиллагаанаас хөндийрүүлэх гэсэн АНУ тэргүүтэй орны нөлөө бий гэх хардлага хүчээ авсан юм.

Уг нь дэлхий дахины эдийн засагт ямар ч үүрэг оролцоогүй болсон гэх шүүмжлэлийн бай болсон Олон улсын валютын сангийн нэр хүндийг Штраусс Кан дахин өндөрт гаргаж ирсэн гэж шинжээчид дүгнэдэг. Европын орнуудын өрийн асуудлыг цэгцлэх хэлэлцээрийн ширээний ард Штраусс Канаар удирдуулсан баг сууж, зээл өгөх эцсийн шийдвэрийг тэр л гаргасан. Өнгөрсөн оны хавар Грек хямарч эхлэх үед энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Олон улсын валютын сан нэлээд анхаарсан. Дараа нь Ирланд, Португаль. Бүгд Штраусс Каны гараар дамжиж, их хэмжээний санхүүгийн тусламж авч чадсан юм. Олон улсын валютын сангийн үйл ажиллагаанд европчууд манлайлан оролцож эхэлсэн билээ. Магадгүй америкчууд үүнд санаа зовж эхэлсэн ч байж болох. Үүнийг нотлох мэт Штраусс Кан хэрэгт холбогдсоны дараа АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Олон улсын валютын сангийн тэргүүнээр америк хүнийг томилчих санаатай хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. Хэдийгээр тэрбээр энэ зорилгодоо хүрч чадаагүй боловч ямар ч гэсэн Штраусс Кан огцорсон юм.

Харин зочид буудлын үйлчлэгч эмэгтэй худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсоны дараа олон улсын хэвлэлүүд энэ хэрэгт Штраусс Кан бага ч болов буруутай гэдгийг харуулсан баримтуудыг дэлгэн тавьж эхэлжээ. Тухайлбал, “Нью-Йорк таймс” сонинд Штраусс Каныг хүчингийн хэрэгт буруутгах хэд хэдэн үндэслэл байгааг онцолсон юм. Гэхдээ энэ ер нь хэнд хамаатай юм бэ. Тэр өнөөдөр Олон улсын валютын сангийн тэргүүн байхаа больсон. Албан тушаалаа өгсөн. Орных нь хүн томилогдсон. Гэтэл бас болоогүй байжээ. Одоо түүнийг Францын улс төрөөс бүрмөсөн зайлуулах шаардлага дахин гарч ирлээ.

Францын сэтгүүлч эмэгтэй Тритане Банон 2003 онд Штраусс Канд хүчиндүүлэх шахсан тухайгаа олон нийтэд дэлгэв. Энэ тухай нь бүсгүйн ээж, Социалист намынхан хүртэл мэдэх юм гэнэ. Т.Банон бол цагаач биш. Түүнд өөрийн үг, үйлдлээ хуулийнхнаас нуух ямар ч шаардлага байхгүй. Тэр бол Францын элит давхрагад багтах хүн. Тийм учраас Штраусс Кан энэ удаа хүндхэн сорилттой тулгарах бололтой.

Францчууд Штраусс Каны хүүхэмсгийг мэднэ. Тэрбээр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, “Магадгүй энэ бол миний том дутагдал байх” гэсэн юм. Гэхдээ үүн дээр нь дөрөөлж, нэр хүндийг бүрмөсөн үгүй хийх боломжийг тэр өрсөлдөгчиддөө олгосон байж.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж