Боксчид дөрвүүлээ шилдэг 16-д үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

Боксчид дөрвүүлээ шилдэг 16-д үлдлээ

“РИО 2016” зуны олимпийн эрх олгох боксын төрлийн сүүлийн тэмцээн Азербайжаны Баку хотод үргэлжилж байна. Тэмцээнд оролцож буй Монголын дөрвөн боксчин дөрвүүлээ шөвгийн 16-д үлдлээ.

52 кг: Х.Энх-Амар

Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тунисийн боксчин Монтассар Eл Боуалитэй оноолт таарч, тулалдлаа. Манай тамирчин өрсөлдөгчөө 2:1-ээр ялж, шилдэг 16-д үлдсэн.

56 кг: Э.Цэндбаатар

“Химийн цом”-ын аварга, “Чехийн Гранпри” тэмцээний аварга, ОУХМ Э.Цэндбаатар өнгөрсөн шөнө болсон хоёрдугаар тойргийн тоглолтод Мексикийн Делгадо Иван Жесусыг 3:0-ээр /29:28, 30:27, 29:28/ харьцаагаар ялж, шилдэг 16-д үлдлээ. Тэрбээр эхний тулаанд Италийн боксчин Риккардо Д`Андреаг 2:1 харьцаагаар /30:27, 30:27, 27:30/ буулгаж авсан. Одоо манай тамирчин шилдэг наймд үлдэх хариуцлагатай тулаанд Туркийн тамирчин Гоксектэй өрсөлдөнө.

75 кг: Н.Шинэбаяр

"Универсиад" наадмын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл медальт, ОУХМ Н.Шинэбаяр өчигдөр /VI.20/ Испанийн тамирчин Балачо Дамианыг 2:1 харьцаагаар ялж, хоёр дахь ялалтаа авснаар шилдэг 16-д шалгарч үлдлээ. Манай тамирчин өнөөдөр Ирландын боксчин Ореил Мишелтэй тулалдана. Н.Шинэбаяр эхний тойрогтоо Финляндын тамирчин Дмитро Третьяктай эхний тойрогт өрсөлдөж, 3:0 /29:28, 29:28, 29:28/ харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

81 кг: С.Эрдэнэбаяр

Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт АНУ-ын боксчин Жонатан Эскивелтэй тулалдаж, 2:1-ээр /29:28, 28:29, 29:28/ ялж, шилдэг 16-д үлдээд байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, боксчин Б.Мишээлт, багийн эмч Э.Энхбаяр ажиллаж байна. Түүнчлэн олимпийн эрх авсан Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна.

Зургадугаар сарын 16-25-нд үргэлжлэх олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнд 105 орны 469 боксчин өрсөлдөж байна. Тэмцээнээс олимпийн нийт 39 эрх олгоно. Ингэхдээ,

  • 52 кг, 56 кг, 60 кг, 69 кг, 75 кг, 81 кг жин тус бүрийн эхний 5 байрт шалгарсан боксчдод,
  • 49 кг-ын шигшээд шалгарсан буюу хоё тамирчинд,
  • 91 кг, +91 кг-д түрүүлсэн тамирчинд Рио-2016 зорих эрх өгөх юм.

РИО-2016 ОЛИМПИЙН ЭРХ ХҮРТСЭН БОКСЧИД:

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ
  • 60 кг: Д.Отгондалай
  • 64 кг: Б.Чинзориг
  • 69 кг: Б.Түвшинбат

ЭРХИЙН СҮҮЛИЙН ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДӨЖ БУЙ БОКСЧИД:

  • 52 кг: Х.Энх-Амар
  • 56 кг: Э.Цэндбаатар
  • 75 кг: Н.Шинэбаяр
  • 81 кг: С.Эрдэнэбаяр

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж