Ц.Энхбаяр: Ц.Мөнх-Оргил ичих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр: Ц.Мөнх-Оргил ичих хэрэгтэй

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд дөрвөн иргэнийг галт сумаар буудан хөнөөсөн, нэг иргэнийг шатаж буй байранд гавлан орхисноос болж нас барсан, олон зуун залуус эрүүл мэндээрээ хохирч, өнөөг хүртэл үймээний улмаас ял эдэлж байсан гэх тодорхойлолттой хоцорсон ч энэ бүхэнд өнөөг хүртэл хариуцлага хүлээх хүн олдсонгүй. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн энэ хэргээс хойш найман жил өнгөрчээ. Энэ талаар талаар долдугаар сарын 1-нд амиа алдсан талийгаач Э.Доржсvрэнгийн аав Ц.Энхбаяртай уулзаж ярилцлаа. Түүний хүү дөнгөж 24 насандаа клиникийн I эмнэлгийн ойролцоо буудуулан амиа алдсан юм.

-Энэ хэрэг болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд иргэд хохироод, хэдэн зуун залуус ял аваад өнгөрсөн. Харин албан тушаалтнуудтай хариуцлага тооцсонгүй. Үүнээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-Долдугаар сарын 1-ний асуудал бол зохион байгуулалттай хийсэн ажил. Зохион байгуулалттай байсан учраас Шуурхай штабын дарга, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нартай ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн. Хэрэвзээ цагдаагийн алба хаагчдын буруугаас энэ бүхэн болсон бол тэднийг аль хэдийн яллаад, хариуцлага тооцчихсон байх байлаа. Тэр битгий хэл, галт зэвсэг ашигласан цагдаа нараас нэг хүн алга болсон. Ор сураггүй шүү. Хэнийх нь сум хэнийг оносон бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэг нь ор сураггүй болчихсон учраас түр түдгэлзүүлсэн байгаа гэх мэдээллийг өнгөрсөн жил бидэнд өгсөн. Одоо чухам ямар шатандаа явааг мэдэхгүй. Энэ бол МАХН/одоогийн МАН/ засгийн эрхийг зохион байгуулалттайгаар авна гэж зохион байгуулсан ажил. Хохирогчид, иргэд ингэж л харж байгаа. Тиймээс ч нэхэл хатуутайгаар энэ хэргийн үнэ зөвийг олохыг хүлээж байна.

-Тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил гадаадаас ирээд нэр дэвшээд явж байгаа. Түүнтэй та уулзаж үзсэн үү?

-Хэрэг хуучирдаггүй. Энэ аймшигт хэргийг бид хэзээ ч мартахгүй. Бидний хувьд анхнаасаа л хэлсэн. Ерөнхий сайд байсан хүн, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар уучлалт гуйх ёстой. Хууль зүйн сайдын ажлын хариуцлагагүйгээс ийм юм болсон. Тиймээс уучлалт гуйх ёстой. Уучлал гуйхгүй байна гэдэг дахиад ийм хэрэг гарах магадлал өндөр гэсэн үг. Тавын таван хүний амь, 300 гаруй иргэд одоог хүртэл ялтай гэж яваа, дээр нь тухайн үед баривчлагдсан 1000 гаруй иргэдийг, тэр аймшигтай, айдастай үеийг бий болгосон тэр бүхнийг үл тоож байна гэсэн үг. Тэд үл ойшоогоогүй байсан бол аль эрт уучлалт хүсэх ёстой. Яагаад вэ гэвэл цагдаагийн алба хаагчдын галт зэвсгээр энэ хэргийг үйлдсэн байна гэдгийг тогтоосон учраас цагдаа буудсан уу, буудаагүй юу гэх маргаан байхгүй. Хууль зүйн сайд шуурхай штабыг удирдаж байсан учраас хариуцлага алдаж, алдаа гарсан байна гээд уучлалт гуйх нь хүн ёсны асуудал.

-Энэ талаар эргээд бодоход ийм болзошгүй үймээнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болоогүй юм болов уу гэх эмзэглэл эрхгүй төрдөг. Хавтаст хэрэгтэй танилцаж байхдаа энэ талаарх баримтыг та мэдээж харсан байлгүй дээ?

-Энэ асуудлыг санаатай хийсэн учраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахгүй шүү дээ. Одоо энэ сүндэрлэчихсэн байгаа ордны /МАН-ын тусгаар тогтнолын ордны хэлэв/ суурин дээр байсан МАН-ын байрыг жагсагчид шатаасан гээд байгаа. Магадгүй өөрсдөө шатаасан байхад би гайхахгүй. Яагаад гэвэл тэр байрны нэг давхар нь эхэлж шатсан. Тэгсэн хэрнээ хоёр, гурав, дөрөвдүгээр давхар бус таван давхар нь шатсан. Түүнийг гэрчлэх зураг хаа сайгүй байгаа. Өөрсдөө шатаачихсан учраас нэг давхарт гарсан гал хоёр давхарт нь биш таван давхарт нь алгасаад гарсан хэрэг шүү дээ. Энэ бол дэлхийд танигдсан технологи, Гитлер хүртэл хэрэглэж байсан шүү дээ. Өөрсдөө хийсэн учраас л өнөөг хүртэл энэ хэргийн эзэн нь тогтоогдсонгүй шүү дээ. Хэрэв МАН-ын удирдлагууд гарч ирээд ард түмэндээ тайлбар хийсэн бол асуудал огт өөрөөр эргэх байсан. Хэрэв үймээн самуун болголгүй зогсооё гэвэл боломж нь бүрэн байсан. Хүсээгүй.

-Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр ч бүрэн хяналтад байна гэж байснаа гэнэт тогтоож дийлэхээ байлаа гэж ярьсан гэдэг шүү дээ?

-Тухайн үеийн МАН-ынхан ямар ч үнээр хамаагүй сонгуульд намаа ялуулна гэж байсан. Тэр нь үнэн болохоор таван хүний амь, өнөөдөр ялтай гээд явж буй 300 гаруй хүнийг хохироож, золиослосон. Ийм үнээр л намаа ялуулсан. Үүний дараа Ардчилсан намынхан маргаан гаргангуут засагтаа урьж оруулсан. Үүнээс хойш энэ асуудлаар ган хийгээгүй. МАН бол алуурчин нам. Харин Ардчилсан нам энэ асуудлаар дорвитой ажил хийхгүй байгаа нь алуурчныг хаацайллаа гэж харагдаж байна.

Хэрэг хуучирдаггүй. Энэ аймшигт хэргийг бид хэзээ ч мартахгүй. Бидний хувьд анхнаасаа л хэлсэн. Ерөнхий сайд байсан хүн, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар уучлалт гуйх ёстой. Хууль зүйн сайдын ажлын хариуцлагагүйгээс ийм юм болсон. Тиймээс уучлалт гуйх ёстой. Уучлал гуйхгүй байна гэдэг дахиад ийм хэрэг гарах магадлал өндөр гэсэн үг.

-Тэр ял авч байсан залуус ял эдэлж байсан гэх тодорхойлолтоороо ажилд орохоос эхлээд, гадагш ч гарч чаддаггүй гэж ярих юм билээ. Энэ үнэн үү?

-Миний харж байгаагаар энэ таван залуу амиараа бидэнд гэрээслэл үлдээсэн. Энэ төрийг өөрчлөөрэй гэж… би тэгж боддог.Иргэнээ хүртэл бууддаг төр болсон байсан шүү дээ. Амиа алдагсдын гэр бүлийнхэн асар их үнээр үг хэлэх эрх олж авсан. Тиймээс ч бид тэр луйварчдыг төрийн ордноос зайлтал нь тэмцэнэ.

-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар энэ хэргийг шалгаж байсан. Та хавтаст хэрэгтэй танилцсан байх. Тэд энэ асуудалд ямар байдлаар хандаж байсан бол. Нөлөөнд орсон байх магадлал бий юу?

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа гуай маш шуурхай ажилласан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газар гурав хоног болчихсон. Дараа нь прокурор руу шилжсэн шүү дээ. Тэр хооронд цагдаагийнхан өөрсдийнхөө хэргийг аль болох цэвэрлэх оролдлого хийсэн. Б.Галдаа гуай туршлагатай учраас залуучуудтайгаа шуурхай ажиллаж цагдаа буудсан байна гэдгийг тогтоосон. Хэрэв дээрээс нь энэ хэргийг үнэн, зөвөөр нь тогтоо гэсэн бол асуудлыг дор нь шийдэх байсан. Гэхдээ ямартай ч цагдаа буудсан гэдгийг тогтоох нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны зорилго байжээ. Түүнээс буудсан эзнийг олох биш.

-Яагаад?

-Яагаад гэвэл буудсан эзнийг нь олчихвол бууд гэсэн эзнийг олно. Ийм учраас дунд нь цайруул гэж үүрэг өгсөн болов уу? Тийм ч учраас хэний сум хэнийг буудсаныг нь тогтоолгүй орхисон шүү дээ. Энэ бол олон хүмүүс нэгэн зэрэг бусдыг буудвал ялгүй гэдэгтэй яг адилхан зүйл. Хэний сум хэнийг оносныг хэн мэдэх юм.

-Долдугаар сарын 1-ний үймээний талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийсэн. Энэ үеэр цагдаагийн удирдлагууд “дээрээс үүрэг өгсөн” гэх үгийг хэлээд байдаг. Дээрээс гэдэг нь хэн юм бэ гэхээр хэлдэггүй…

-Дээрээс гэдэг нь тодорхой шүү дээ. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад бүх дүүргийн цагдаа долдугаар сарын 1-ний өдөр МАН-ыг байрны гадаа байсан. Тэгсэн хэрнээ жагсаалыг зогсоогоогүй. Гэтэл шөнө зөвхөн 801-ийн хүчээр дөрөвхөн цагийн дотор үймээнийг зогсоосон байдаг. Тэгвэл өдөр яагаад зогсоож болоогүй юм гэдэг нь их сэжигтэй байгаа биз. Дээр нь олон сурвалжлагчтай би уулзаж байсан. Тэдний камерын бичлэг, хальсийг нь бүгдийг хурааж авсан. Хэдэн хальстай явсан гэж байцааж байгаад авсан байдаг. Тэдгээр сэтгүүлчдийн баримт дотор цагдаагийнхан галт сумаар автоматын дайзыг цэнэглээд тарааж байгаа дүрсийг хүртэл авчихсан байсан гэдэг юм билээ. Тэр бүхнийг цагдаагийнхан аваад устгасан. Иргэдийнхээ эсрэг ийм бусармаг зүйл хийсэн Ц.Мөнх-Оргил өнөөдөр иргэдийг төлөөлөхөөр нэр дэвшээд явж байгаадаа ичих хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж