УИХ-ын 60 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч/Сүхбаатар дүүргийн 7,8,9,10 дугаар хороо, Багануурын 1-р хороо/ Х.Тэмүүжин өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Тэрээр уулзалтаар хуулийн шинэчлэлийн талаар сонгогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Уулзалтын үеэр тэрээр иргэдийн оролцоотойгоор өөрсдийн амьдран буй орчныг эрүүл, аюулгүй болгож буйг бодит жишээгээр тайлбарласан. Иргэд хороондоо ээлжээр жижүүрлэдэг болсноос хүүхдийн авто ослыг эрс бууруулсан үзүүлэлт гарчээ. Мөн онц ноцтой хэргийг илрүүлэхийн тулд гэрч, хохирогчийг хамгаалах хуультай, тогтолцоотой болох нэн шаардлагатай байсныг тайлбарлалаа.
Сонгогчид нэр дэвшигчээс 2008 оны долдугаар сарын үймээнээс болоод таван хүний амь эрсдэж, олон зуун залуус эрүүл мэндээрээ хохироод өнгөрсөн ч өнөөг хүртэл дорвитой асуудлыг шийдвэрлээгүй. Цагдаагийн дарга нарыг л яллаад өнгөрсөн. Жинхэнэ гэм буруутныг олж, хариуцлага тооцоогүй талаар хөндөж байсан юм.
Түүнчлэн хуулийн шинэчлэл юу болж буйг "байцаав". Харин нэр дэвшигч Х.Тэмүүжин, энэ мэт нийгмийн шинжтэй томоохон хэргүүдийн талаар нээлттэй сонсгол хийдэг, бүхий л бодит мэдээллээр шийдвэр гаргагчдыг хангаж, зөв шийдвэр гаргах төхөм болгох үүднээс Нийтийн сонсголын тухай хуулийг Ерөнхийлөгчтэй хамтран санаачилж батлуулсан тухайгаа тэрээр тайлбарласан юм.
Өнгөрсөн хугацаанд нийгмийн шаардлагаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Мөрдөх албаны хууль, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг санаачилж дийлэнхийг батлуулсан гэдгийг хэлж байлаа.
Сүүлийн үед үзэл бодлоор гэхээсээ илүүтэй нам нэрийн дор аливаа бусармаг үйлдлийг нь хаацайлдаг болсныг юу гэж боддог талаар иргэд сонирхоход “Бид олон ургалч үзэлтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэхдээ таны хүүхдийн хоолны мөнгөнөөс хулгай хийгээд байгаа хүнийг тэвчээд “Хулгай хийж л байг” гээд суугаад байх уу эсвэл болио гээд дуугарах уу? Төрөөс хулгай хийгээд, эрх мэдлээ ашиглаад байгаа хүмүүсийг хараад “Манай намынх юм. Ах минь юм” гээд дуугүй байгаад байвал зэрэгцээд хулгай хийсэнтэй ялгаагүй. Тийм учраас тэр хүнд “чи болиорой” гээд хэлсэн нь зөв. Дараа нь би өөрөө өөрөөсөө урвахгүй. Бурууд хатуу, зөвд зөөлөн байх хэрэгтэй. Бурууг бүгдээрээ хаацайлаад байвал бултаараа хулгайч болно. Тийм учраас намыгаа хулгайчуудаас цэвэрлэе гэж ярьж байх нь шударга шүү дээ” гэж Х.Тэмүүжин өөрийн бодлоо хуваалцлаа.
Ийнхүү Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэд хуулийн шинэчлэл, өнөөгийн нийгэмд болж буй үзэгдлийн талаар нэр дэвшигчидтэй уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авсан.
Харин уулзалтын төгсгөл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд сонгогчид амжилт хүсч, дахин сонгогдон, эхлүүлсэн ажлаа дуусгахыг захиж байлаа.
Б.ДОЛГОР