Оросын тал АИ-92 бензинийг тонн тутамд 117 мянгаар нэмсэн

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Оросын тал АИ-92 бензинийг тонн тутамд 117 мянгаар нэмсэн

ОРОСЫН ТАЛ АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭЭ ТОНН ТУТАМД 117 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМСЭН

Шатахууны нийлүүлэлт тогтворгүй байснаас үүдэн сүү­лийн хоёр сарын хугацаанд манай улс нийлүүлэлтийн сувгаа өөрч­лөхөд хүрч байгаа. Мөн олон улсын болон дотоодын хэвлэ­лүүд шатахууны хомсдолыг ОХУ-аас манайд үзүүлж буй “шахалт” хэмээн бичиж буй. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ сард шатахууны нийлүүлэлт хэвийн байх бололтой. Харин нийлүүлэлт жигдэрсэн ч шата­хууны үнэ нэлээд тогтворгүй байгааг Үндэсний статис­тикийн хорооны судалгаа харуулж байна. Тэдний судалс­наар орон нутагт дизель түлш 1800-2210 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Тухайлбал, Дорноговь аймагт 2200 төгрөгөөр борлуулагдаж байгаа бол Дорнодод 1870, Сүхбаатарт 1890, Ховдод 1950 төгрө­гийн ханштай байгаа аж. Мөн орон нутагт АИ-92 шата­хуун 1600-1900 төгрөгт хэлбэл­зэж байгааг дурьджээ. АИ-92 хомс­дож эхлэхээс өмнө орон нутагт дунджаар 1350 төгрөг байсан байна. Товчхондоо шатахууны үнэ 250-550 төгрө­гөөр нэмэгдээд байгаа нь энэ. Харин нийслэлд уг үнэ харьцангуй тогтвортой буюу түлш 1750, АИ-92 шата­хуун 1500 төгрөг байна. Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шата­хуун зарим газарт 2000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсныг эс тооцвол нийслэлд үнэ харьцангуй тогтвортой байлаа. Гэхдээ үндэсний баяр наадам ойртож буй энэ үед шата­хуун шавхагдах вий гэсэн болгоомж­лол олон нийтийн дунд байгаа юм. Тиймээс энэ та­лаар салбарын мэргэ­жилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

Газрын тосны газ­рын Хангамж зо­хи­­цуулалтын хэлт­­сийн ах­лах мэргэ­жилтэн Х.Наранхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.         
  

-Хятадаас авах шатахууны үнэ нэлээд өндөр байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар танай газраас ямар арга хэмжээ авах вэ?

-БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган  тонн  шата­хуун авч байх хүсэлтийг ма­най Зас­гийн газраас тавьсаныг та бү­хэн мэдэж байгаа байх. Юун түрүүнд үнийн асуудлаас илүү найдвартай эх үүсвэртэй болох хэ­­рэг­­тэй гэдгийг тоо­­цож үзэх шаардлага хаа хаанаа байна. Гэхдээ хятадууд аливаа бараа бүтээгдэ­хүүний үнэд уян хатан ханддаг гэж үнэлэгддэг юм билээ. Ер нь нэг их үнэрхэлгүй Бээжинд худалдаалж буй үнээ санал болгох байх.

-Нэлээд холоос ачих нь тодорхой байх. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. ОХУ-аас бүтээгдэ­хүүнээ оруулж ирэхэд ойролцоогоор 300 гаруй километр зам туулдаг байсан бол Хятадаас 700 гаруй километр замаар явж байж авчирна. Одоогоор шилжүүлэн ачих бааз, ложистик, тээврийнхээ асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Раднаасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
    
-Шатахууны нийлүүлэлт энэ сард хэвийн хэмжээнд байна гэдгийг танай яамнаас мэдээлсэн. Яг одоогоор нөөц ямар байгаа вэ?

-Хэвийн хэмжээнд байгаа гэдэгт найдаж болно. Ойролцоогоор 30 гаруй мянган тонн шатахуун бий. Дээр нь манай яам, компаниудын захирал, Газрын тосны газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт ОХУ руу энэ асуудлаар ажиллахаар явсан. Өнөөдөр ирэх байх.

-Хойд хөршөөс үнийн санал саяхан ирүүлсэн гэсэн. Энэ талаар?

-АИ-92 шатахуун тонн тутамдаа 94 ам.доллар буюу 117 мянган төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Тиймээс нефть импортлогчид татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол үнээ нэмэхээс аргагүй байдалд хүрлээ гэдэг саналаа хэлсэн. Засгийн газрын өнөөдөр (өчигдөр)-ийн хуралдаанаар онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэнэ. Үндсэндээ тэглэх байх гэж бодож байна.

-Онцгой албан татвар тэглэснээр зөвхөн ОХУ бус БНХАУ-аас оруулж ирэх шатахууны үнийг хямд тогтоох боломжтой гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ямар ч байсан үнийн хувьд огцом өсөлт гарахгүй. Дээр нь наадам боллоо гээд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсчихгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Ангальскаас 500 тонн шатахууныг ачуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Цаашид дахин 500 тонныг оруулж ирнэ.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж