Шатахууны нийлүүлэлт тогтворгүй байснаас үүдэн сүүлийн хоёр сарын хугацаанд манай улс нийлүүлэлтийн сувгаа өөрчлөхөд хүрч байгаа. Мөн олон улсын болон дотоодын хэвлэлүүд шатахууны хомсдолыг ОХУ-аас манайд үзүүлж буй “шахалт” хэмээн бичиж буй. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ сард шатахууны нийлүүлэлт хэвийн байх бололтой. Харин нийлүүлэлт жигдэрсэн ч шатахууны үнэ нэлээд тогтворгүй байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна. Тэдний судалснаар орон нутагт дизель түлш 1800-2210 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Тухайлбал, Дорноговь аймагт 2200 төгрөгөөр борлуулагдаж байгаа бол Дорнодод 1870, Сүхбаатарт 1890, Ховдод 1950 төгрөгийн ханштай байгаа аж. Мөн орон нутагт АИ-92 шатахуун 1600-1900 төгрөгт хэлбэлзэж байгааг дурьджээ. АИ-92 хомсдож эхлэхээс өмнө орон нутагт дунджаар 1350 төгрөг байсан байна. Товчхондоо шатахууны үнэ 250-550 төгрөгөөр нэмэгдээд байгаа нь энэ. Харин нийслэлд уг үнэ харьцангуй тогтвортой буюу түлш 1750, АИ-92 шатахуун 1500 төгрөг байна. Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шатахуун зарим газарт 2000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсныг эс тооцвол нийслэлд үнэ харьцангуй тогтвортой байлаа. Гэхдээ үндэсний баяр наадам ойртож буй энэ үед шатахуун шавхагдах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байгаа юм. Тиймээс энэ талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
Газрын тосны газрын Хангамж зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Наранхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хятадаас авах шатахууны үнэ нэлээд өндөр байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар танай газраас ямар арга хэмжээ авах вэ?
-БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонн шатахуун авч байх хүсэлтийг манай Засгийн газраас тавьсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Юун түрүүнд үнийн асуудлаас илүү найдвартай эх үүсвэртэй болох хэрэгтэй гэдгийг тооцож үзэх шаардлага хаа хаанаа байна. Гэхдээ хятадууд аливаа бараа бүтээгдэхүүний үнэд уян хатан ханддаг гэж үнэлэгддэг юм билээ. Ер нь нэг их үнэрхэлгүй Бээжинд худалдаалж буй үнээ санал болгох байх.
-Нэлээд холоос ачих нь тодорхой байх. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. ОХУ-аас бүтээгдэхүүнээ оруулж ирэхэд ойролцоогоор 300 гаруй километр зам туулдаг байсан бол Хятадаас 700 гаруй километр замаар явж байж авчирна. Одоогоор шилжүүлэн ачих бааз, ложистик, тээврийнхээ асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Раднаасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шатахууны нийлүүлэлт энэ сард хэвийн хэмжээнд байна гэдгийг танай яамнаас мэдээлсэн. Яг одоогоор нөөц ямар байгаа вэ?
-Хэвийн хэмжээнд байгаа гэдэгт найдаж болно. Ойролцоогоор 30 гаруй мянган тонн шатахуун бий. Дээр нь манай яам, компаниудын захирал, Газрын тосны газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт ОХУ руу энэ асуудлаар ажиллахаар явсан. Өнөөдөр ирэх байх.
-Хойд хөршөөс үнийн санал саяхан ирүүлсэн гэсэн. Энэ талаар?
-АИ-92 шатахуун тонн тутамдаа 94 ам.доллар буюу 117 мянган төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Тиймээс нефть импортлогчид татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол үнээ нэмэхээс аргагүй байдалд хүрлээ гэдэг саналаа хэлсэн. Засгийн газрын өнөөдөр (өчигдөр)-ийн хуралдаанаар онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэнэ. Үндсэндээ тэглэх байх гэж бодож байна.
-Онцгой албан татвар тэглэснээр зөвхөн ОХУ бус БНХАУ-аас оруулж ирэх шатахууны үнийг хямд тогтоох боломжтой гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Ямар ч байсан үнийн хувьд огцом өсөлт гарахгүй. Дээр нь наадам боллоо гээд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсчихгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Ангальскаас 500 тонн шатахууныг ачуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Цаашид дахин 500 тонныг оруулж ирнэ.
"Улс төрийн тойм" сонин