М Си Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Хөвсгөл, Баянхонгор аймагт Танай компаниас олон хүн шилжүүлсэн тухай яриа гараад байна. Энэ талаар тайлбар хэлнэ үү?
-Манай компанид хувь эзэмшигч Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар УИХ-ын сонгуульд иргэний эрхээ эдэлж нэр дэвшсэнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр ийм гүтгэлэгийн мэдээлэл гарсанд харамсаж байна. Компани нэгдсэн зохион байгуулалттайгаар сонгогчдыг бөөнөөр нь орон нутагт шилжүүлсэн зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
-Танай групп олон ажиллагсадтай. Сонгуулийн хуулийн дагуу шилжилт хийлгэсэн сонгогчид мэдээж байгаа байлгүй дээ?
-Урин дулаан цаг ирсэн, энэ жилийн наадмын амралт олон хоног үргэлжлэх болсон, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, нутаг орноороо аялах сонирхол ихээхэн нэмэгдсэнтэй холбоотойгоор хувиараа орон нутагт шилжүүлэг хийлгэсэн ажиллагсад байхыг үгүйсгэхгүй. Манай залуучууд жил бүр өөрсдөө сайн дураараа нэгдэж орон нутагт жуулчлах явдал уламжлал болж хэвшсэн. Залуучууд ийм байдлаар жил бүр орон нутаг, түүний дотор Хөвсгөл нуур руу байнга аялдаг. Түүнээс биш улс төржиж, сонгууль өгөхийн тулд орон нутагт шилжсэн зүйл байхгүй. Урьд өмнө нь ч тийм тохиолдол гарч байгаагүй. Компанийн зүгээс бизнесийг улс төртэй хутгахыг дэмждэггүй. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй томоохон татвар төлөгч М Си Эс компанийн нэр төрд нь халдаж дампуурч байгаа гэсэн гүтгэлэг хүртэл тарааж байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ? Энэ мэт гүтгэлэг улс орны хөгжилд лав л хэрэг болохгүй.
Б.БАТХҮҮ