Сонгуулийн хуульд зааснаар засаг захиргааны шилжилт хөдөлгөөн буюу иргэний үнэмлэхний хаягаа шилжүүлэх хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоосон. Харин сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 14 хоногийн өмнө зогсоож байгаа юм байна. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг ямар нэг заалтаар хязгаарлаагүй тул нэлээд олон хүн сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийж байгаа аж. Үүнийг зарим улс төрчид “царцаа”-ны нүүдэл хэмээн нэрлэсэн байна.
Сонгогчийн шилжилт хөдөлгөөн гэдэг нь: Тухайн сонгогч өөрийн тойрогтоо бус өөр тойрогт санал өгөхөөр болсон бол сонгууль болохоос 14 хоногийн өмнө Улсын бүртгэл, статистикийн газар мэдэгдэнэ.
“Сонгуулийн өдөр MCS, Талх чихэр, Женко тур зэрэг томоохон компаниудын ажилчид Хөвсгөл, Баянхонгор аймгийн амралтын газруудад хэдэн зуугаараа амрах тухай яригдаж байгаа. Тэд санал өгөхийн тулд түр шилжиж хаягаа солиулсан. Энэ мэтээр 21 аймагт Улаанбаатар болон бусад тойрог дүүргээс хэдэн зуугаараа шилжиж байна. Энэ асуудлыг тусгайлан шалгадаг Тагнуулын байгууллагын алба хэлтэс ажиллаж байгаа юм байна лээ. Бид Иргэний бүртгэл, статистикийн газарт хандаж тодруулга авсан. Мөн тагнуулын байгууллагад албан ёсоор хандсан. Зөвхөн сонгуульд санал өгөх зорилгоор түр зуур шилжсэн хүн байх юм бол шилжсэн болон шилжүүлсэн хүнийг, үүнд оролцсон төрийн байгууллагын ажилтанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн” хэмээн МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Э.Эрдэнэжамъян Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм.
Харин энэ асуудлыг албаныхан үгүйсгэхгүй байна. Бид бүхэн Улсын бүртгэл, статистискийн газраас мэдээлэл авах гэсэн боловч нэгдсэн мэдээлэл өгсөнгүй. Харин СЕХ-ноос дараах тайлбарыг өгч байна.
“Сонгогчийн шилжилт хөдөлгөөн дуусахаас өмнө маш олон хүн өөр газар санал өгөх хүсэлт гаргасан байна лээ. Ер нь нэлээд олон хүн нэг газар луу шилжих байдал ажиглагдсан. Сонгогч шилжихтэй холбоотой хязгаарлалт хуульд тусгагдаагүй учраас ийм байдал үүсч байгаа байх. Шилжин очсон сонгогч зөвхөн УИХ-ын сонгуульд санал өгнө. Ийм саналын хуудас тусдаа хэвлэж, цөөн тоогоор аваачсан. Энэ нь хүрэхгүй байх магадлал ажиглагдаж байгаа. Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэл, статистикийн газар хариуцаж байгаа” гэсэн мэдээллийг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлсэн юм.
Сонгогчийн шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны нүүдэл хийж буй иргэн байгаа эсэхийг тодруулахаар тандалт явууллаа.
-Саналаа Чингэлтэй дүүрэгт өгнө. Оршин суудаг газартаа өгнө. Манай тойрогт ямар ч гэсэн М.Оюунчимэг, Ц.Баярсайхан нар байгаа.
-Саналаа Баянгол дүүрэгт өгнө. Манай гэрийн ойролцоо хороо байдаг юм чинь хороондоо өгөх байлгүй. Манай тойрогт хэн хэн нэр дэвшиж байгаа талаар мэдээлэл алга. Ямар ч байсан Ардчилсан намаас С.Эрдэнэ, МАН-аас Амгалан нэр дэвшиж байгааг мэднэ, бусдыг нь мэдэхгүй байна. Манай хамаатан садан хөдөө очиж санал өгөх хүн байхгүй. Ах нь сайн мэдэхгүй байна.
-Эгч нь саналаа БГД-т өгнө. Манай тойрогт хэн нэр дэвшиж байгаа талаар мэдээлэл байна. Ардчилсан намаас С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Оросоо нар нэр дэвшиж байгаа. “Зарим хүмүүс хөдөө очиж санал өгөхөөр болсон байна” гэсэн мэдээ телевизээр үзсэн. Би төрийн албан хаагч учраас өөр газар очиж санал өгөх хориотой. Дүүрэгтээ өгнө.
-Саналаа дүүрэгтээ өгнө. Манай тойрогт Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва, Чинболд, Г.Бат-Эрдэнэ гэсэн хүмүүс нэр дэвшиж байгаа. Манай хамаатан садан хөдөө орон нутагт очиж санал өгнө гэж сонссонгүй. Байхгүй байх, эндээ санал өгөх байх.
-Саналаа өгөх эсэхийг шийдээгүй байна. Яагаад гэвэл хэнийг сонгохоо мэдэхгүй байгаа юм. Манай тойрогт С.Одонтуяа гэх мэт хүмүүс нэр дэвшиж байгаа. Хэрэв саналаа өгвөл дүүрэгтээ өгнө. Өөр газар өгч болохгүй биз дээ. Иргэний үнэмлэх дээр байгаа хаягаар санал өгнө.
УИХ-ын сонгуульд оролцож буй нам, Сонгуулийн ерөнхий хорооноос “царцаа”-ны нүүдлийг үгүйсгэхгүй байгаа юм. Харин иргэд энэ талаар ямар нэг мэдээлэлгүй байна.