Зуны улирлаар цас оров уу гэлтэй хөвсгөр цагаан хөвөн хотын гудамжаар хийснэ. Хөвөн нь хүний биед харшлах нь бий. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Жил бүр л улиас модны хөвөн хийсдэг. Энэ хөвөн юунаас үүдэн гардаг юм бэ?
-Нийслэлийн гудамж дахь том моддын ихэнхийг улиас мод эзэлдэг. Улиас модны онцлог нь хаврын улиралд унгирал буюу цагаан хөвөн унагадаг. Энэ нь жил бүр биологийн зохицлоор үүсдэг процесс. Тиймээс ногоон байгууламжийн хүрээнд жил бүр улиасны тайралт тандалтын ажлыг тогтмол хийх ёстой.
-Улиасны тайралтын ажлыг хэзээнээс хийх ёстой вэ?
-Хавар мод нахиагаа дэлгэхээс өмнө тайралтын ажлыг хийдэг. Та бүхэнтэй гудамжаар модны тайралт хийж тааралддаг. Энэ ажлыг цагт нь хийсэн модноос цагаан хөвөн гардаггүй. Тиймээс иргэд улиасны цагаан хөвөн хаанаас үүсээд байгааг ялгаж харж болно. Хотын ногоон байгууламжийн таримал модуудад тайралт хийж дууссан. Одоо модны засалт, хэлбэржүүлэлтийн ажил хийж байгаа.
-Тайралтын ажлыг хийж дууссан гэлээ. Тэгвэл энэ хөвөн хаанаас гарч байна вэ?
-Улиасны тайралтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд сүүлийн гурван жил харьцангуй багассан. Энэ жил Нийслэлийн захирагчийн албанаас нийтийн эзэмшлийн гудамжинд улиас модны тайралтыг хавар эрт эхэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар улиас модны унгирал гарсаар байна. Энэ нь аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн эзэмшлийн талбай дахь улиасны тайралт бүрэн хийгдээгүйгээс хотын гудамжаар тархаад байгаа юм.
-Ногоон байгууламжаа арчлаагүй байгууллага, хувь хүмүүст арга хэмжээ авдаг уу?
-Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Уг захирамжийн дагуу дүүргүүдийн тохижилтын хэлтсүүд энэ тал дээр анхаарч ажилладаг. Аж ахуй нэгж, хувь хүмүүст зөвлөмж хүргүүлдэг. Энэ талаар гарын авлага, зөвлөмжүүд ч бий. Зарим тохиолдолд хөрөнгө санхүү болон мэргэжилтэн дутагдалтай байгаагаас үүдэлтэй.
-Уг хөвөнг хүний биед харшилтай, харшилгүй гэх юм. Сөрөг нөлөө бий юу?
-Улиасны хөвөн нь хөл газрын ургамлууд болон улиасны хөнгөн соёолол гэсэн харшил үзүүлэх ургамлын тоонд ордог. Энэ анагаах ухааны талаасаа ямар нөлөө үзүүлдгийг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн улиасыг эр, эмээр нь хослуулж тарьвал цагаан хөвөнг багасгах боломжтой бөгөөд тухайн гудамжийг хариуцсан цэцэрлэгчтэй байвал ийм асуудал гарахгүй.