Ирэх есдүгээр сарын 4-5-нд Хятадын Ханжоу хот дэлхий нийтийн анхааралд орно. Учир нь, энд Их-20-ийн уулзалт болох юм. Уулзалтын бэлтгэл ажил ид Ханжоуд өрнөж байна. Энэ бол Хятадын дипломатын түүхэн дэх хамгийн том үйл явдал гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Хуэйнлай онцолсон. Их-20-ийн уулзалтыг Хятад улс анх удаагаа хүлээн авч байгаа нь энэ юм.
Ханжоугийн уулзалтын гол сэдэв дэлхий нийтийн эдийн засаг байх болно гэдгийг Ли Хуэйнлай онцлоод нэн ялангуяа хөгжлийн гол загварыг инновац, бүтээлч байдалд суурилуулах талаар хэлэлцэх ажээ. 2016 он бол НҮБ-аас зарласан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний жил. Дэлхийн тэргүүлэгч болсон 20 гүрэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд, нэн ялангуяа дэд бүтэц, аж үйлдвэрлжилт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, Ханжоуд тодорхой алхам хийж чадвал энэ дэлхийн бусад улс гүрэнд сайхан жишээ болно гэж Хятад улс үзэж байгаа. Хятад улс Ханжоуд инновацийн хөгжлийн өөрийн концепцийг танилцуулах бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудыг хөгжилд уриалан дуудах болно гэдгийг Гадаад хэргийн дэд сайд хэлсэн.
Ханжоу хотыг Их-20-ийн уулзах газраар зүгээр ч нэг сонгоогүй. Дэлхийн лидерүүд Хятадын гол хотууд болох Бээжин, Шанхайд уулзалдаж, чуулж байсан. Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпины дуртай хотын нэг.
Их-20-ийн уулзалтын бэлтгэл ажилд зориулсан дэд бүтцийн ажлууд ирэх наймдугаар сарын 1 гэхэд дууссан байх учиртай. Уулзалтын үеэр гадаад хэлтэй нэг сая гаруй хүн дайчлагдан оролцохын дийлэнх нь их, дээд сургуулийн гадаад хэлний ангийн дээд курсийн оюутнууд байх ажээ.
Их-20-ийн уулзалт есдүгээр сарын 4-ний өдөр нээгдэх бөгөөд үүний өмнө БРИКС-ийн орны төрийн нарын уулзалт болно. БРИКС-ийн бүрэлдэхүүнд БНХАУ, ОХУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн БНУ багтдаг. Харин Бразил улсыг энэ уулзалтад хэн төлөөлөх нь тодорхойгүй. Учир нь, тус улсын ерөнхийлөгч Дилма Руссеф хүрэлцэн ирэх эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр албан тушаалаасаа зургаан сар чөлөөлөгдөөд байгаа юм. Мөн энэ үеэр бизнес форум болно. Энэ Их-20-ийн уулзалтын үеэр бизнес форум болж байгаа анхны тохиолдол бөгөөд форумд БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэлнэ.
Газрын диваажин Ханжоу
“Газрын диваажин Ханжоу” гэдэг үг хятадуудын дунд байдаг. Ханжоу бол Хятадын өмнө зүгт оршдог эртний түүхт хот. Шанхай хотоос баруун өмнө зүгт 180 км-т байрладаг. Өнгөрсөн оны байдлаар энэ хотод найман сая хүн амьдарч байна. Байгаль цаг уурын хувьд субтропик бүсэд хамаарна. Эртний Сүн гүрний нийслэл байсан, гэхдээ тухайн үедээ Линьань хэмээн нэрийддэг байжээ. Одоо бол Жэцян мужийн засаг захиргааны төв.
Байгалийн үзэсгэлэнт Ханжоу эртнээс Хятадын яруу найрагч, зохиолч, уран бичигтнүүдийн сэтгэлийг хөглөсөн гаар байсаар иржээ. Ялангуяа Сиху буюу Баруун нуур их алдартай. Энэ нуурын эргийн нэгээхэн хэсгийг хятадын нэг юанийн мөнгөн дэвсгэртэд мөнхөлсөн байдаг.
Ханжоу хот цайны ургамлын тариалангаараа алдартай.