ВВС агентлаг ”Сирийг НҮБ тоохгүй байна” гэж мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

ВВС агентлаг ”Сирийг НҮБ тоохгүй байна” гэж мэдээлэв

BBC АГЕНТЛАГ “СИРИЙГ НҮБ ТООХГҮЙ БАЙНА” ГЭЖ МЭДЭЭЛЭВ

“Газрын баялагтай орнуудыг их гүрнүүд анхааралдаа аваад аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөг гаргачихсан байгаа” хэмээн БНХАУ-ын улс төр судлаач Цью Фэй саяхан нэгэн сайтад нийтлэл бичсэн байна. Түүний нийтлэлээс харахад газрын баялаг муутай, хөгжих боломж багатай орнуудын хувьд “Аль улсыг бараадах вэ” гэдэг нь тун бүрхэг болоод байгаа бололтой. Үүний нэг жишээ нь яах аргагүй Сири улсын өнөөгийн байдал. Исламын орнуудыг дайрсан хувьсгалын “салхи” одоог хүртэл Сирид буруу тийшээ хазайгаад байгаа  юм шиг сэтгэгдэлийг олон нийтэд төрүүлэх болов. Энэ нь ард түмэн, босогчид, төр засгийн дунд үүссэн хагарлын тод жишээ. Учир нь ард түмний эрх ашиг, хүний эрх нэрийдлээр босогчид хяналтаас гарч байгаа талаар Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад зарлаж байна.

Босогчдын зарим нь CNN агентлагийн сурвалжлагч Андрю Таблертай ярилцаж үзэл бодлоо илэрхийлсэн аж. Тэд энэ үеэр “Манай улсын Төрийн тэргүүн бослого гаргаж байгаа бусад орны Төрийн тэргүүн шиг увайгүй луйварчид байгаа юм. Энэ улсад шинэчлэл хэрэгтэй байхад ард түмэн зүгээр сууж чадахгүй. Зарим босогчдын цогцсыг Улаан тэнгисээр Судан, Йемений дунд усан онгоцоор тээвэрлэж байхад албаныхан олон нийтэд зарласан боловч энэ талаар хэвлэлүүд  нүдэн балай, чихэн дүлий  байгаа нь харамсалтай. Бид өнөөдөр эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэж байхад НҮБ дорвитой арга хэмжээ авахгүй байна. Биднийг ийм байдлаар гадуурхаж болохгүй” гэжээ. Улаан тэнгист Сирийн бо­согчдын цогцсыг тээвэрлэж байсан хэргийг www.csmonitor.com сайт мэдээлж байсан. Гэвч уг сайт 13 цагийн дотор мэдээллээ устгасан нь олны гайхширлыг төрүүлж байгаа юм. Амиа алдсан босогчдын цогцсыг ийнхүү тээвэрлэж байгаад баригдсан ч нуун дарагдуулсан нь нэг талаар олон нийтээс үнэнийг нуусан, нөгөө талаараа олон нийтэд цочрол өгөхгүй гэсэндээ нуусан гэх таамгийг дагуулж байна.

Арабын хэвлэл мэдээллийн то­моохон агентлагийн нэг болох “Аль-Жазийра” нь Сирийн асуудлыг НҮБ хайхрахгүй байгаатай холбогдуулан “Сирийн Ерөнхийлөгч босогчдыг хянаж чадахгүй байна” гэх утгатай нэгэн сонирхолтой материал дэлгэсэн билээ. Энэ мэдээллийн агуулга нь алмазгүй Африкийн орнуудтай Сирийг адилтгасанд оршиж байсан гэнэ.

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд ч энэ улсын талаар хэчнээн үг хэлээд, нийтлэл бичээд НҮБ, НАТО-ийн нэг чихээр ороод нөгөө чихээр гардаг тухай өгүүлэх болсон. Тодорхой дүн шинжилгээгээр Сирийн бослого болсноос хойш нийт 1500 гаруй хүн амиа алдсан байна. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн ирэх наймдугаар сард тайван жагсаал хийх гэж байгаа талаараа BBC агентлагт мэдээлсэн аж. Сири улсын хувьд 1982 онд Башар аль-Асадын эцэг Хазеф аль-Асадын үед 10 мянга гаруй босогчдыг дарж байсан түүхтэй. Энэ талаар ажиглагчид төдийлөн сөхөөд байдаггүй. Нэг ёсондоо хаалттай сэдэв гэж болно. Гэсэн ч улс төрийн шинжээчид “Хүү нь эцгийнхээ харгис хэрцгий үйлдлийг битгий л давтаасай” хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн удаатай.

Өнөөдөр Сирийн Хама хотод асуудал хурцадсан хэвээр байна. Тус хотод байгаа босогчдын мэдэгдсэнээр дөрвөн өдрийн дотор 130 хүн амь насаа алдаж, 350 гаруй хүн шархдаж бэртсэн байна. Мөн тус нутгийн албаныхны үзэж буйгаар, 130 хүнээс 12 нь 9-17 насны хүүхдүүд байсан аж. Өмнө нь шашин хоорондын мөргөлдөөнөөс болж ийм хүн амиа алдаж байгаагүйг орон нутгийн хэвлэлүүд онцолсон. Харин CNN агентлагийн мэдээлснээр өчигдөр л гэхэд 10 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан аж.

 Европын холбооны зүгээс Сири улсын Засгийн газарт мэдэгдэл хийж, Сирийн босогчдоос төлөөлөгч гаргаж, энхийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалсан. Гэвч Сирийн босогчид ганц л зүйл шаардаж байгаа юм. Тэр нь “Асадын гэр бүл Сири улсыг орхин явж, шинэ парламентын шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хийх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа. Харин олон иргэн хөл, толгой нь мэдэгдэхээ больсон үймээн самуунаас залхаж байгаагаа илэрхийлсэн аж. Сирийн Димашк хотын иргэн Кхалиль Зарбау “Манай гэрт цэрэг хувцастай хүмүүс гэнэт орж ирээд ах дүүсийг маань баривчлаад явсан. Би хоёр дүүтэйгээ хаашаа ч гарахгүй гэртээ орогнож байна. Гудамжинд дайн байлдааны байдалтай байхад зарим хүн гэртээ бүгсээр байгаа нь аюулгүй байдлаа л хадгалах гэсэн хэрэг” гэжээ. Түүнтэй ярилцсан BBC агентлагийн Ойрхи дорнодын бүс нутгийн сурвалжлагч Шахту Паль “Энэ улсад хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. Ард түмэн хоёр, гурав хуваагдаж байна. Төр засаг нь ч иргэдийг хоморголон устгасаар байхад НҮБ анхааралдаа авахгүй юу хийгээд байгаа нь гайхшрал төрүүлж байна” гэсэн юм. Ийнхүү Сири улсын хувьсгал цаашид, хоёр сар үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэргэжилтнүүд цохон тэмдэглэсээр байгаа.

Сири улсын хүчний байгуул­лагын төлөөлөгч “Ард түмний эсрэг буу шагайна гэдэг бидний хувьд тун хэцүү даалгавар. Эрх чөлөөт нийгмийг бид ч бас хүсэж байгаа” хэмээн цаад утгаараа төр засгийнхаа бодлогын эсрэг утгатай зүйл ярьсан байна. Мөн “Сирийн босогчдын эсрэг байлдаж буй мэргэн бууч “Зарим үед  гартаа юу ч үгүй хүн рүү гал нээх нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг боловч бидэнд тийм л хэцүү тушаал дээрээс өгдөг гэсэн” гэж CNN агентлаг мэдээлэв.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж