”Оюутолгой” ХХК төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

”Оюутолгой” ХХК төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ

“ОЮУТОЛГОЙ” ХХК ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Өнөөдөр “Оюутолгой” ХХК-иас нэгэн сонирхолтой өдөр­лөгийг зохион байгуулж бай­на. Өдөрлөгт энгэртээ ром­бо гялалзуулсан ши­нэ­­хэн инженерүүдийг урьжээ. Тухайлбал 2010, 2011 онд Монгол Улсын ма­гадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын уул уурхайн болон механикийн, цахилгааны, ба­рилгын, ашигт малтмал баяжуулалтын, химийн ин­же­нер, геологи, байгаль ор­чин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний нөөц, санхүү, мэдээллийн техно­логи, олон нийтийн харилцаа зэрэг мэргэжлээр төгссөн ба­калавр, магистрын зэргээ авсан оюутнууд оролцох юм байна. Энэ үеэр “Оюутолгой” ХХК-иас “Шинэ төгсөгчдөд зориулсан хөтөлбөр” хэ­рэгжүүлэх гэж буйтай холбог­дуулан холбогдох мэдээллийг та­нилцуулах ажээ.

Дашрамд дурьдахад “Оюутолгой” ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд удаан хугацааны, тогтвортой, бодит үр дүнгээ өгдөг зэрэг шинж чанараараа онцгой ан­хаарал татдаг. Бас нэгэн шинэ мэдээ дуулгахад тус компаниас байгаль орчин, боловсрол, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, чөлөөт хэвлэлийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа юм байна.

Уурхайн үйл ажиллагааны үнд­сэн байршил болох Өмнөговь айм­гийн иргэдээс бусад аймаг, хотын иргэдэд үр өгөөжтэй байх төсөл хө­төлбөрүүдийг дэмжиж ажиллах бөгөөд төслийн санхүүжилтийг хэр­хэн хүсэх талаарх мэдээллийг  “Оюутолгой” болон “Рио Тинто” компаниас авч болох ажээ.

Тус компани Монгол Улсад чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулдаг. Гэрээнд заасны дагуу ирэх оны намраас үйлдвэрлэл явуулж эхлэхэд нийт ажилчдын 90 хувийг монголчууд бүрдүүлэх учиртай. Үүнд одооноос бэлт­гэж, боловсрол, сургалтын чиглэлээр томоохон хөрөнгө оруу­лалт хийж буй. Тухайлбал, таван жилийн сургалтын стратеги төлөвлөгөө бо­ловсруулж, үүнд 200 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байгаа юм.

Өнгөрсөн оны долоодугаар сард “Оюутолгой” ХХК болон Бо­ловсрол, соёл, шинжлэх ухааны яам, мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургалт, боловсролын тө­­вүүд уг төсөл хөтөлбөрүүдийг дэмжихээр харилцан ойлголцлын са­­намж бичигт гарын үсэг зурсан би­лээ. Энэхүү санамж бичгийн дагуу “Оюутолгой” ХХК ирэх таван жилийн ху­га­цаанд дээрх төсөл хөтөлбөрүүдэд зо­риулан нийт 78 тэрбум төгрөг буюу 58 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт хийхээр болжээ. Үүнээс гадна монгол залууст уул уурхайн на­рийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаа­ны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай санамж бичиг байгуулж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүрэг хүлээж, энэ чиглэлээр 36 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдан су­ралц­сан оюутнуудын эхний хэсэг өнгөрсөн зургаадугаар сарын 1-ээс үйлдвэрлэлийн дадлагаа эхэлсэн. Нийт 700 гаруй суралцагч мэргэшиж буй чиглэлээрээ ажлын байран дахь дадлагаа эхэлснээс дийлэнх нь өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой” компаниас хамтран зо­хион байгуулсан Монголын ажил ол­гогчдын чуулга уулзалтын үеэр дадлага хийх компаниа сонгосон юм билээ. “Оюутолгой” ХХК-ийн сургалт хариуцсан менежер Аллан Грийн энэ үеэр “Олон зуун суралцагчид дадлага хийх ажлын байртай болсонд бид баяртай байна. Ялангуяа суралцагчдын зарим хэсэг нь уг ажлын байран дээрээ цаашид үлдэж ажиллан байнгын ажлын байраар хангагдах боломжтой болсон. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн зорилтын да­гуу Мэргэжилтэй боловсон хү­чин бэлтгэх чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүн эхнээсээ гарч суралцагчид маань дараагийн шатны сургалт буюу ажлын байран дахь дадлагаа ийнхүү эхэлж байна” хэ­мээн тэмдэглэн хэлсэн. Мөн уг хө­төлбөрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр дутагдалтай байгаа мэргэжлийн чиглэлээр иргэдийг сурган мэргэшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цахилгаанчин, гагнуур, хүнд машин механизмын оператор, хувцас засвар, зам засвар, төмөр зам болон бусад чиглэлээр иргэдийг суралцуулж эхлээд байна. Суралцагчид нь өөрийн болон ойролцоо аймаг суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсаны дараагаар өөрийн сонгосон чиглэлээр ажлын байран дахь дадлагаа хийнэ. Дараагийн шат­ны 2300 суралцагчийн хичээл хэдийнэ эхлээд байна.

Түүнчлэн “Оюутолгой” ХХК-иас хэрэгжүүлж буй орон нутгийг дэмжих хөтөлбөр нь Өмнөговь аймгийг Монголын тэргүүлэгч аж үйлдвэр, уул уурхайн төв болгоход хувь нэмрээ оруулахыг гол зорилгоо болгож буй. Аж үйлдвэрийн болон мэдлэгт суурилсан салбаруудын хөгжил дэвшил нь бүс нутгийн, нийгмийн болон үйлдвэрлэлийн салбарын үр ашгийг нэмэгдүүлдэг. Энэ нь эдийн засгийн өсөлтийн явцад орон нутгийн хөгжилд маш чухал эерэг нөлөө үзүүлэх учиртай. Хамгийн сүүлд л гэхэд Даланзадгад хотноо Бизнес хөгжлийн төвийг нээсэн.

Уг төв нь Оюу толгойн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдэд сур­галт явуулах, дэмжлэг үзүүлэх үнд­сэн чиг үүрэгтэй юм. Бизнес хөгж­лийн төв үйл ажиллагаагаа эхэлс­нээр орон нутгийн иргэд нэг дороос бүх төрлийн үйлчилгээг авах бололцоотой болжээ. Бизнес хөгж­лийн төв нь гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютер сургалтын өрөө зэргээс бүрддэг юм билээ. Мөн “Оюутолгой ХХК-ийн ханган нийлүүлэгч боло­хын тулд юу хийх ёстой, компанийн хангамж худалдан авалтын бодлого ямар байгаа талаар танилцуулах үйл ажил­лагаа байнга явагддаг ажээ. Бизнес хөгжлийн төвийн ба­рилгын ажил 2010 оны арваннэгдү­гээр сард эхэлсэн бөгөөд “Оюутолгой” ХХК-ийн зү­гээс уг төсөлд 700 мянган ам.доллар зар­цуулсан байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Измон” ХХК ажиллажээ. Ажлын гүйцэтгэлд Монгол Улсын барилгын салбарт баригдаж буй стандарт, Оюу толгойн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажилласан байна. Цаашид Ханбогд сум болон Улаанбаатар хотноо Бизнес хөгжлийн төвүүдийг 2011, 2012 онд тус тус ашиглалтад оруу­лахаар төлөвлөөд байгаа ажээ. Хам­гийн сүүлд авсан мэдээллээр Даланзадгад, Ханбогд сумдын 103 бизнес эрхлэгч “Оюутолгой” ХХК-тай нийт 1.5 сая ам.долларын гэрээ хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна.

Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үр дүнгээс харахад өнгөрсөн онд Өмнөговь аймагт 14 512 хүн шилжин ирсэн гэсэн тоо анхаарал татаж байна. Үүнийг төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжсэн, орон нутгийн хөгжлийг тэтгэсэн олон арга хэмжээний үр дүн гэж хэлж болно.

Жишээ нь Өмнөговь аймгийн иргэд ажлын байртай болох, ганцхан хувийн хүүтэй гурав хүртэлх сая төгрөгийн зээл авч, жижиг, дунд бизнес эрхлэх гэхчлэн олон давуу эрх эдэлдэг нь нийслэл, бусад аймгийн иргэдийг Өмнөговьд даллан дуудах бас нэгэн хөшүүрэг болсон нь лавтай. “Оюутолгой” ХХК  хүний нөөцийг дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн харьяат 200 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж Мон­голын их, дээд сургуулиудад, 30 оюутныг гадаадад сургаж эхлээд байна. Мөн сумдын эмч нарыг орон сууцаар хангаж, Өмнөговь аймгийн 11 суманд 20 эмчийг таван жилийн хуга­цаатай гэрээгээр ажиллуулж байгаа аж. Эрүүл мэндийн үйл­чилгээг дэмжих хөтөлбөрийг энэ жилд үргэлжлүүлэхээр болж, 16.1 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж тусгажээ. Эдгээрээс гадна ний­гэм, соёлыг хөгжүүлэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, малч­дыг дэмжих, байгаль орчны мониторингийн хөтөлбөрүүд амжилттай хэ­рэгжиж байна.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж