Дашрамд дурьдахад “Оюутолгой” ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд удаан хугацааны, тогтвортой, бодит үр дүнгээ өгдөг зэрэг шинж чанараараа онцгой анхаарал татдаг. Бас нэгэн шинэ мэдээ дуулгахад тус компаниас байгаль орчин, боловсрол, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, чөлөөт хэвлэлийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа юм байна.
Уурхайн үйл ажиллагааны үндсэн байршил болох Өмнөговь аймгийн иргэдээс бусад аймаг, хотын иргэдэд үр өгөөжтэй байх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах бөгөөд төслийн санхүүжилтийг хэрхэн хүсэх талаарх мэдээллийг “Оюутолгой” болон “Рио Тинто” компаниас авч болох ажээ.
Тус компани Монгол Улсад чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулдаг. Гэрээнд заасны дагуу ирэх оны намраас үйлдвэрлэл явуулж эхлэхэд нийт ажилчдын 90 хувийг монголчууд бүрдүүлэх учиртай. Үүнд одооноос бэлтгэж, боловсрол, сургалтын чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийж буй. Тухайлбал, таван жилийн сургалтын стратеги төлөвлөгөө боловсруулж, үүнд 200 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байгаа юм.
Өнгөрсөн оны долоодугаар сард “Оюутолгой” ХХК болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургалт, боловсролын төвүүд уг төсөл хөтөлбөрүүдийг дэмжихээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн дагуу “Оюутолгой” ХХК ирэх таван жилийн хугацаанд дээрх төсөл хөтөлбөрүүдэд зориулан нийт 78 тэрбум төгрөг буюу 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Үүнээс гадна монгол залууст уул уурхайн нарийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай санамж бичиг байгуулж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүрэг хүлээж, энэ чиглэлээр 36 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцсан оюутнуудын эхний хэсэг өнгөрсөн зургаадугаар сарын 1-ээс үйлдвэрлэлийн дадлагаа эхэлсэн. Нийт 700 гаруй суралцагч мэргэшиж буй чиглэлээрээ ажлын байран дахь дадлагаа эхэлснээс дийлэнх нь өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой” компаниас хамтран зохион байгуулсан Монголын ажил олгогчдын чуулга уулзалтын үеэр дадлага хийх компаниа сонгосон юм билээ. “Оюутолгой” ХХК-ийн сургалт хариуцсан менежер Аллан Грийн энэ үеэр “Олон зуун суралцагчид дадлага хийх ажлын байртай болсонд бид баяртай байна. Ялангуяа суралцагчдын зарим хэсэг нь уг ажлын байран дээрээ цаашид үлдэж ажиллан байнгын ажлын байраар хангагдах боломжтой болсон. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн зорилтын дагуу Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүн эхнээсээ гарч суралцагчид маань дараагийн шатны сургалт буюу ажлын байран дахь дадлагаа ийнхүү эхэлж байна” хэмээн тэмдэглэн хэлсэн. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр дутагдалтай байгаа мэргэжлийн чиглэлээр иргэдийг сурган мэргэшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цахилгаанчин, гагнуур, хүнд машин механизмын оператор, хувцас засвар, зам засвар, төмөр зам болон бусад чиглэлээр иргэдийг суралцуулж эхлээд байна. Суралцагчид нь өөрийн болон ойролцоо аймаг суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсаны дараагаар өөрийн сонгосон чиглэлээр ажлын байран дахь дадлагаа хийнэ. Дараагийн шатны 2300 суралцагчийн хичээл хэдийнэ эхлээд байна.
Түүнчлэн “Оюутолгой” ХХК-иас хэрэгжүүлж буй орон нутгийг дэмжих хөтөлбөр нь Өмнөговь аймгийг Монголын тэргүүлэгч аж үйлдвэр, уул уурхайн төв болгоход хувь нэмрээ оруулахыг гол зорилгоо болгож буй. Аж үйлдвэрийн болон мэдлэгт суурилсан салбаруудын хөгжил дэвшил нь бүс нутгийн, нийгмийн болон үйлдвэрлэлийн салбарын үр ашгийг нэмэгдүүлдэг. Энэ нь эдийн засгийн өсөлтийн явцад орон нутгийн хөгжилд маш чухал эерэг нөлөө үзүүлэх учиртай. Хамгийн сүүлд л гэхэд Даланзадгад хотноо Бизнес хөгжлийн төвийг нээсэн.
Уг төв нь Оюу толгойн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. Бизнес хөгжлийн төв үйл ажиллагаагаа эхэлснээр орон нутгийн иргэд нэг дороос бүх төрлийн үйлчилгээг авах бололцоотой болжээ. Бизнес хөгжлийн төв нь гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютер сургалтын өрөө зэргээс бүрддэг юм билээ. Мөн “Оюутолгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болохын тулд юу хийх ёстой, компанийн хангамж худалдан авалтын бодлого ямар байгаа талаар танилцуулах үйл ажиллагаа байнга явагддаг ажээ. Бизнес хөгжлийн төвийн барилгын ажил 2010 оны арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс уг төсөлд 700 мянган ам.доллар зарцуулсан байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Измон” ХХК ажиллажээ. Ажлын гүйцэтгэлд Монгол Улсын барилгын салбарт баригдаж буй стандарт, Оюу толгойн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажилласан байна. Цаашид Ханбогд сум болон Улаанбаатар хотноо Бизнес хөгжлийн төвүүдийг 2011, 2012 онд тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа ажээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Даланзадгад, Ханбогд сумдын 103 бизнес эрхлэгч “Оюутолгой” ХХК-тай нийт 1.5 сая ам.долларын гэрээ хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна.
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үр дүнгээс харахад өнгөрсөн онд Өмнөговь аймагт 14 512 хүн шилжин ирсэн гэсэн тоо анхаарал татаж байна. Үүнийг төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжсэн, орон нутгийн хөгжлийг тэтгэсэн олон арга хэмжээний үр дүн гэж хэлж болно.
Жишээ нь Өмнөговь аймгийн иргэд ажлын байртай болох, ганцхан хувийн хүүтэй гурав хүртэлх сая төгрөгийн зээл авч, жижиг, дунд бизнес эрхлэх гэхчлэн олон давуу эрх эдэлдэг нь нийслэл, бусад аймгийн иргэдийг Өмнөговьд даллан дуудах бас нэгэн хөшүүрэг болсон нь лавтай. “Оюутолгой” ХХК хүний нөөцийг дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн харьяат 200 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж Монголын их, дээд сургуулиудад, 30 оюутныг гадаадад сургаж эхлээд байна. Мөн сумдын эмч нарыг орон сууцаар хангаж, Өмнөговь аймгийн 11 суманд 20 эмчийг таван жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулж байгаа аж. Эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих хөтөлбөрийг энэ жилд үргэлжлүүлэхээр болж, 16.1 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж тусгажээ. Эдгээрээс гадна нийгэм, соёлыг хөгжүүлэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, малчдыг дэмжих, байгаль орчны мониторингийн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
"Улс төрийн тойм" сонин