Сурталчилгааны самбар эвдсэн 174 хэрэг бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Сурталчилгааны самбар эвдсэн 174 хэрэг бүртгэгджээ

2016 оны сонгуульд нэр дэвшигчид 18 хоног сурталчилгаагаа явуулах үүрэг хүлээсэн. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу энэ сарын 11-нээс эхэлж, гудамж талбайд костюм, пиджак өмсч, инээмсэглэн зогсох нэр дэвшигчдийн зурагт самбар дэлгэгдэж эхэлсэн билээ. Тэгвэл сурталчилгаа эхлээд ес хонож буй энэ үед нэгнийхээ сурталчилгааны самбарыг санаатайгаар гэмтээх, урж тасдах үйлдэл олон гарч, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 17-ны хооронд л гэхэд цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаатай холбоотой 604 гомдол иржээ. Үүний дийлэнх нь буюу 174 хэрэг нь сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйлийг нь гэмтээсэн гомдол эзэлсэн байна. Нэр дэвшигчдийн зүгээс өөрийн фэйсбүүк хуудаснаа сурталчилгааны самбарыг нь сүйтгэсэн тухай мэдээлэл тавьсаар байгаа юм. Гэхдээ энэ тохиолдлын дийлэнх нь эзэн холбогдогч тодорхойгүй байгаа аж. Гурван удаагийн хэрэг нь л хүүхэд үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэгвэл хуульд сурталчилгааны самбар эвдэх, сүйтгэхтэй холбоотой асуудлыг зохицуулж өгсөн гэдгийг энд дурдая. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 78.10-т "Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно" 78.11-д "Энэ хуулийн 78.10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд 1.5 сая төгрөгөөр торгох тухай хуульчилсныг сануулж байна.

Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэг сэлт, эд зүйл тарааж, дайллага, цайллага хийсэн 65 зөрчил бүртгэгджээ. Мөн нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсаар гүтгэж нэр төрийг нь гутаасан, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан, сурталчилгааны байр, намын байранд танхайрсан, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан зэрэг гомдол цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Одоогоор нийт хэргийн 77.6 хувийг шалгаж байгаа, 11.9 хувийг захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлжээ. Үлдсэн хэсгийг нь газар дээр нь шийдвэрлэх, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, захиргааны арга хэмжээ ногдуулсан, зөрчил болох нь тогтоогдоогүй байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж