Н.Ган-Од буюу Ганбуушийг өчигдөр /2016.06.19/ цагдаагийн байгууллагаас саатуулж тайлбар авсан байна. Энэ талаар Ганбууш өөрийн фэйсбүүк хуудаснаа “БНСУ-руу өчигдөр эмчилгээнд явахаар нисэх онгоцны буудал дээр очоод эрүүгийн цагдаа нарт хууль бусаар саатуулагдлаа. Намайг цэнхэр хослол өмсч үзэл бодлоо илэрхийлсэн гэх шалтгаанаар дуучин Нарагийн гаргасан гомдлын дагуу баривчилж, үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх, өөрийн эрүүл мэндийн төлөө эмчилгээ хийлгэж, амьд явах эрхэнд минь заналхийллээ” хэмээн бичжээ. Тэрбээр өнөөдөр 14.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төв өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийхээр зар түгээжээ. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулбал, “Н.Ган-Одоос иргэний гомдолтой холбогдуулан тайлбар авахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй учир саатуулж, тайлбар авсан” гэлээ.
Харин энэ асуудлаар дуучин Нарагаас тодруулбал, “Ганбууштай холбоотойгоор гомдол гаргаагүй. Зөвхөн Ганбуушийн хийсэн бичлэгийн захиалагчийг олохоор хүсэлт тавьж, гомдол гаргасан” хэмээн мэдээлсэн юм.
Б.ЗАЯА