Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд бөхчүүд наадмын бэлтгэлээ базаахаар галд гарч эхэлжээ. Одоо бөхчүүдэд наадмаас өмнө барилдах заал танхимын барилдаан нэг үлдсэн нь Их сорилго юм. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны ойд зориулсан "Наадмын сорилго барилдаан" зургадугаар сарын 26-ны 14.00 цагаас товлогджээ. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох ажээ. 


Бөхчүүдийн хувьд ихэнх нь галд гарч заншсан газруудаа зорьжээ. Тодруулбал, Харзтайн амралтад Увс аймгийн "Увснуур", Баян-Өлгий аймгийн "Бес богда бүргэд" дэвжээнийхэн айлссан бол Сэлэнгэ аймгийн "Таван-Хан" дэвжээнийхэн мөн Харзтайг зорих сурагтай байна. 

Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдогийн ойролцоох "Гео-Мандал" амралтын баазад гарч эхэлжээ. Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугын САА-д бэлтгэлээ эхлүүлжээ. Энд мөн "Хилчин" спорт хорооныхон жил бүр гардаг уламжлалтай. 

Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд", Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн Дуган хадандаа бэлтгэлээ базааж байна. Харин Сүхбаатар аймгийн "Жавхлант" дэвжээний бөхчүүд Төв аймгийн нутагт байрлах "Хайрын бэлэг" амралтын газарт энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ жигдрүүлэхээр очжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж