ШХАБ: Ташкентын сюрприз юу байх бол?

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

ШХАБ: Ташкентын сюрприз юу байх бол?

-Зургадугаар сарын 24-ний өдөр Ташкентын цагаар 15.00 цагт ШХАБ сюрпризээ задална-

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 23-24-нд Узбекийн нийслэл Ташкент хотноо болох ШХАБ-ын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр “онцгой бэлэг” бэлдсэн байгаа гэдгийг ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдээллээ.

Рашид Алимов

Ноён Рашид Алимов ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, мөн түншлэгч орнуудын хэвлэл мэдээллийн төлөөллийг Бээжин хотноо байрлах ШХАБ-ын нарийн бичгийн газарт хүлээн авч уулзсан юм.

Ташкентын дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Ташкентын мэдэгдэл хэмээн баримт бичгийг гаргахаас гадна тус байгууллагыг 2016-2020 он хүртэл хөгжүүлэх “замын зураг” батлагдана. Өнгөрсөн жил ОХУ-ын Уфа хотноо болсон уулзалтаар ШХАБ-ыг хөгжүүлэх 10 жилийн стратегийг баталсаныг эргэн сануулаад харин энэ удаа Ташкентад ерөнхий стратегийг илүү нарийвчилсан таван жилийн төлөвлөгөө гарч байгаа юм. Мэдээж эдгээр гол баримт бичгээс гадна улс хоорондын, салбар хоорондын барим бичгүүд зурагдахаас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах баримт бичгийг Рашид Алимов онцолж байна. ШХАБ эдүгээ гишүүн зургаа, ажиглагч зургаа, түншлэгч зургаа ЕвроАзийн нийт 18 орныг нэгтгэсэн том байгууллага болон өргөжин тэлээд байгаа. Эдгээр 18 улс дэлхийн газар нутгийн 30,61 сая квадрат метр талбайг эзэлж, энэ бүс нутагт гурван тэрбум хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын тал хувь гэсэн үг юм. Мөн ШХАБ-ын орнуудын нийт ДНБ 2015 оны байдлаар 37 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаар Казахстан, Киргиз, БНХАУ, ОХУ, Тажик, Узбек, ажиглагчаар Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, түншлэгчээр Азербайжан, Армян, Кампуч, Непал, Турк, Шри-Ланка байгаа юм.

“ШХАБ-ын орнуудын үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газрууд ихтэй. Энд ЮНЕСКО-гийн биет болоод биет бус өвд бүртгэгдсэн олон сайхан зүйлс байна. Энэ гайхамшигт орон зай бол аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж юм” хэмээн Рашид Алимов хэллээ.

ШХАБ-ын жил болгоны уулзалт чухал ач холбогдолтой байдаг. Харин энэ удаагийнх илүү онцлог гэдгийг ноён Алимов тэмдэглэлээ. “Мэдээж тэмдэглэлт ойн жил гэдэг нь онцгой. Мөн сюрприз бэлдсэн байгааг дуулган сэтгүүлчдийн хорхойг гозолзууллаа. Чухам ямар сюрприз байгааг лавласан сэтгүүлчдийн асуултад “24-ний өдөр Ташкентын цагаар 15.00 цагт бид энэ сюрпризээ задлах болно” хэмээн илүү ам алдсангүй. ШХАБ өргөжин тэлэх талаар сүүлийн тэлэх талаар ихээхэн яригдаж байгаа. Магадгүй ажиглагчаар олон жил явж байгаа Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орны аль нэг нь жинхэнэ гишүүн болох байх гэсэн таамгыг сэтгүүлчид хийн үлдлээ. Ер нь тус байгууллагад нэгдэх, хамтран ажиллах хүсэлтээ 30 гаруй улс аль хэдийнэ илэрхийлээд байгаа юм байна. “ШХАБ үргэлж нээлттэй, бид хэнийг ч хүлээн авахад бэлэн. Гагцхүү өнгөрсөн 15 жилийн хугацаанд ШХАБ-аас гаргасан бүхий л баримт бичгийг тус улс хүлээн зөвшөөрөх ганцхан нөхцөл бидэнд байдаг” хэмээн Алимов хэллээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ШХАБ 30 гаруй баримт бичгийг батлан дагаж мөрдөж байгаа юм. Хүсэлтээ илэрхийлсэн орнууд Зүүн Европ, Зүүн өмнө Ази, Ойрхи Дорнодын бүс нутгаас байгааг Алимов хэллээ.

ШХАБ-ын амбиц их байгааг ноён Рашид Алимов нуухгүй байна. Энэ сарын эхээр ОХУ-ын Сочид болсон АСЕАН-ы гишүүн орнуудын уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ШХАБ-ын талаарх тусгайлсан илтгэлийг тавьсанаа Алимов хэлсэн. Сочид АСЕАН-ы гишүүн орнуултай идэвхтэй яриа хэлэлцээ хийснийг Алимов онцлоод “энэ байгууллагын гишүүд дундаас ШХАБ-ын түншлэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэлээ. Өнгөрсөн жил Уфагийн уулзалтаар Беларусьт түншлэгч орны статусыг олгосон гэдгийг энд дурдах хэрэгтэй.

ШХАБ-ын Хартид дурдсанаар энэ байгууллага эдийн засаг, хүмүүнлэгийн идэвхтэй үйл ажиллагааг явуулж байгаа “гурван хор”-ын эсрэг тууштай тэмцсээр байгаа. “Гурван хор” гэдэг нь терроризм, экстремизм, сепаратизм юм.

Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн утга агуулга давамгайлж байгааг Рашид Алимов онцолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж