“Бэрхийн нурамт” компанийн захирал А.Ганбатад залилуулсан гэх хүн хууль хяналтынханд хандаад нэмэр болоогүй тул хэвлэлийнхэнд хандахаар шийджээ.
А.Ганбат нь иргэн М-ийг урьдчилан зохион байгуулалттайгаар залилсан талаар тэрбээр хэлж байна. Анх М-ийн орон сууцыг түрээслэхээр А.Ганбат нь очиж уулзахдаа “Би Н.Энхбаярын хүргэн байгаа юм, эхнэр Н.Энхтуяа маань Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа болохоор бидний хөрөнгө мөнгө, орон байрыг минь хүртэл битүүмжилсэн. Эхнэр маань охиноо дагуулаад Скандинавын орнуудаар амьдарч байгаа. Би болохоор энд дансаа нээлгэхийг хүлээгээд байж байна. Бидний хамтын дансанд 4 сая доллар байгаа” гэхчилэн худлаа ярьж, “Дансаа чөлөөлөгдөхөөр мөнгийг чинь өгнө” гэж М-ийг хууран мэхлээд зургаан сар байранд нь үнэгүй суужээ. Энэ хооронд тэрээр мөнгөө өгөх нь бүү хэл харин ч Ховдод алтны орд газрын лиценз авч өгөх нэрээр түүнээс 350 сая төгрөг авч явжээ. Гэтэл лиценз нь гарахгүй удахаар асуухад “Одоохон удахгүй гарна, АМХЭГ-т орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна” гэх мэтээр элдэв шалтаг тоочсоор байжээ. Энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь буцаан өгөөгүй байна. Тэрчлэн А.Ганбат уурхайн лицензээ авсан ч М-д биш өөрийнхөө нэр дээр Булган аймгийн Дашинчилэн сум дахь Бүдүүн ухаагийн орд газрыг шилжүүлэн авсан тухай хохирогч хэлж байна.
М жилийн хугацаанд уурхайн хөрөнгө оруулалт нэрээр нийтдээ 4 тэрбум төгрөг зарцуулсан боловч түүнд нэг ч төгрөгийн ашиг гэж өгсөнгүй, мөнгө ч үгүй, уурхай ч үгүй үлдсэн байна. Тиймээс М аргаа барахдаа хөрөнгө оруулалтаа зогсооно, санхүүгийн зардлаа тооцно гэж хэлснээс болж сэтгэл санаа, бие махбодийн дарамтад оржээ. Уг асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс А.Ганбатад залилангийн хэргээр эрүү үүсгэн, прокурор руу шилжүүлэхэд тус дүүргийн прокуророос иргэний хэргээр шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Иргэн М-ийг 4 тэрбум төгрөгөөр хохироогоод зогсохгүй тэрээр уурхайдаа ажиллаж байсан ажилчдынхаа цалинг 2 дугаар сараас хойш өгөхгүй, цалингаа нэхэхээр хэл амаар доромжилж, суудаг талаар түүний хохирогч М ярьж байна.
Г.БАТ