МСS утаатай тэмцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч  чангарч, утаа цээж хорсгон, саарал манан хөшиг татахлаар дээр, дооргүй энэ агаарын бохирдол дэндлээ гээд ярьцгаадаг.  Гэвч үнэндээ зуны дэлгэр гурван сар, намрын шаргал өдрүүдэд агаарын бохирдлыг бууруулахаар дорвитой ажил хийлгүй наадамлаж, айрагдаж, зугаалцгааж л өнгөрүүлдэг билээ. Харин энэ жил Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталж, Үндэсний хороо байгуулагдаж шат дараатай олон ажлыг эхлүүлж байна. Төр засгаас хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг нийтээрээ утаатай тэмцэхийг уриалж байгаа. Уриалгыг дэмжиж, санаачлагыг ажил хэрэг болгохоор үндэсний томоохон компаниудыг түүчээлэн М-Си-Эс групп хотын утаатай тэмцэх ажилд шамдан оржээ. АНУ-ын Мянганы сорилтын сангаас утааг бууруулахад дэмжлэг үзүүлж,  шилмэл зуухыг шалгаруулан санхүүжилтийн тодорхой хувийг гаргахаар болсон билээ. М-Си-Эс групп энэ төслийг  дэмжиж, хамтран хэрэгжүүлэхээр ажиллах болсон тухай дуулаад зуны саруудад зуух солих ажил хэр ахицтай байгааг сонирхохоор  төслийг хэрэгжүүлж байгаа хороодоор орсон юм. Чингэлтэй дүүргийн 9,10,11,12, 13, 14 дүгээр хороонуудад гэр барьж, төслийнхөн ажиллаж байна.  “Хас”  банкны ажилтан  газар дээр нь  зуухны төлбөр тооцоо хэд болохыг бодож өгч, хүсвэл лизингээр авахыг санал болгож байлаа.  Өлзий, Хас гэсэн зуухнууд нь өнгө үзэмж, чанраараа аргагүй онцгойрч, хэрэглэж байгаа хүмүүс нь  ам сайтай гэж жигтэйхэн.  Турк улсад үйлдвэрлэсэн  эдгээр зуухнууд энгийн зуухтай харьцуулахад 90 хувь утаа бага гаргаж түлшийг 50 хувь хэмнэдэг юм байна. Өлзий зуухны үнэ 325 мянган төгрөг. Гэвч  тухайн өрх 74300 төгрөг л төлнө. Үлдсэнийг нь Мянганы сорилтын  сангаас санхүүжүүлж байгаа аж. Утаа тортог гаргахгүй их цэвэрхэн эд байна лээ. Дутуу шатсан нүүрсний үнэр хувцасанд шингээд эвгүй үнэртдэг. Энэ зуухыг хэрэглэвэл “Надаас нүүрс үнэртэж байгаа болов уу”  гэж санаа зовох зүйлгүй болох нь. Дулааны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр дагнан ажилладаг, агаарын бохирдлыг бууруулах талаар чамгүй их судалгаа хийсэн,  шалгуурыг  хангах зуухыг нийлүүлэх боломжтой гэж  Мянганы сорилтын сан “Сэлэнгэ констракшн” ХХК-ийг шалгаруулсан юм билээ. Энэ компанид төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө хүч, хүргэлт түгээлтийн туршлага  дутсан учир  үндэсний хэмжээний томоохон компаниудад хандахад  М-Си-Эс групп  саналыг нь хүлээн авсан аж. Сэлэнгэ констракшн, М-Си-Эс группын менежер, Маркетингийн албаны захиралтай уулзсан юм.
-“Сэлэнгэ констракшн” компанийн менежер Н.Цогжавхлан:
– Манай компани дулааны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1995 оноос үйл ажиллагаа явуулж буй туршлагатай баг хамт олон. Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэх талаар хийсэн олон жилийн судалгааны үр дүнд Турк улсаас Монголын нөхцөлд тохирсон, түлшний хэмнэлттэй, илч сайтай, утаа бага гаргадаг эдгээр зуухыг сонгож, лаборторийн болон ахуйн нөхцөлд аль алинд нь туршиж үзснээр агаарын бохирдлыг бууруулахад бодиттой хувь нэмэр оруулж чадах юм байна гэдэгт итгэлтэй болсон. Ийм учраас Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд эдгээр зуухыг гэр хорооллын оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн утааг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулахын тулд эхний жилд  70 мянган зуухыг нийлүүлэх том зорилттой  байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд бидэнд хүн хүч, хөрөнгө мөнгө, гол нь туршлага, менежмэнт  дутагдахаар байсан. Тиймээс бид үндэсний хэмжээний томоохон компаниудад хандсан. Тэднээс М-Си-Эс групп бидний хүсэлтийг хүлээн авч, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ том зорилтыг хамтран хэрэгжүүлэхээр болсон.

М-Си-Эс группын Маркетингийн албаны захирал Б.Солонго:
-М-Си-Эс групп нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах  бодитой ажлыг санаачлан хэд хэдэн чиглэлээр тооцоо, судалгаа хийж төслөө боловсруулаад эхнээсээ хэрэгжих шатандаа ороод явж байна. Нийслэлийг утаанаас  салгах нэг шийдэл бол нүүрснээс гаргасан шатдаг хийн түлш хэрэглэх явдал гэж  бид үзэж байгаа.  Гэхдээ үйлдвэр барихад хүрээлэн байгаа орчинд хал балгүй байх үүднээс газар, байршлаа зөв сонгох, цаашлаад дэд бүтцийн асуудлаа шийдэх гээд  асуудлууд байгаа учраас үйл ажиллагаа жигдэртэлээ 2-3 жил болохоор байна. Гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд уламжлалт зуухыг утаа багатай зуухаар солих нь үр дүнтэй гэж олон улсын байгууллагууд зөвлөж байгаа. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлд оролцож байгаа “Сэлэнгэ констракшн” компаний зүгээс манайд санал тавьсны дагуу нийгмийн хариуцлагатай энэ том санаачилгыг бодитой ажил болгоход хамтран ажиллахаар болж зуухны нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт хийхээс эхлээд айл өрхөд хүргэх, угсрах хүртэлх бүх шатны ажлыг М-Си-Эс групп удирдан зохион байгуулахаар болж “Цэвэр агаар”  төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Өлзий, Хас зуух нийлээд нийт 100 гаруй зуухыг айл өрхүүд авч хэрэглэж байгаа. 60-70 мянган зуухыг айл өрхөд хүргэж суурилуулна гэдэг амаргүй том ажил. Зун намрын саруудыг алгуурлаж өнгөрөөлгүй зуухаа эрт авч өвлийн бэлтгэлээ эртнээс базаахгүй бол хүйтний улирал хаяанд эрсэн хойно бүгд зэрэг хошуураад эхэлбэл ачаалал хүндэрч хаа хаанаа хүлээлт, дугаарлалт үүснэ. Тэгэхээр нийт айл өрх, ард иргэдэд эртхэн сайжруулсан зуухаа авч, өвөлдөө өнтэй, түлшиндээ хэмнэлттэй, нийслэл хот маань утаагүй өвөлжихөд бүгд идэвхийлэн оролцохыг уриалж байна гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж