-“Сэлэнгэ констракшн” компанийн менежер Н.Цогжавхлан:
– Манай компани дулааны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1995 оноос үйл ажиллагаа явуулж буй туршлагатай баг хамт олон. Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэх талаар хийсэн олон жилийн судалгааны үр дүнд Турк улсаас Монголын нөхцөлд тохирсон, түлшний хэмнэлттэй, илч сайтай, утаа бага гаргадаг эдгээр зуухыг сонгож, лаборторийн болон ахуйн нөхцөлд аль алинд нь туршиж үзснээр агаарын бохирдлыг бууруулахад бодиттой хувь нэмэр оруулж чадах юм байна гэдэгт итгэлтэй болсон. Ийм учраас Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд эдгээр зуухыг гэр хорооллын оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн утааг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулахын тулд эхний жилд 70 мянган зуухыг нийлүүлэх том зорилттой байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд бидэнд хүн хүч, хөрөнгө мөнгө, гол нь туршлага, менежмэнт дутагдахаар байсан. Тиймээс бид үндэсний хэмжээний томоохон компаниудад хандсан. Тэднээс М-Си-Эс групп бидний хүсэлтийг хүлээн авч, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ том зорилтыг хамтран хэрэгжүүлэхээр болсон.
М-Си-Эс группын Маркетингийн албаны захирал Б.Солонго:
-М-Си-Эс групп нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодитой ажлыг санаачлан хэд хэдэн чиглэлээр тооцоо, судалгаа хийж төслөө боловсруулаад эхнээсээ хэрэгжих шатандаа ороод явж байна. Нийслэлийг утаанаас салгах нэг шийдэл бол нүүрснээс гаргасан шатдаг хийн түлш хэрэглэх явдал гэж бид үзэж байгаа. Гэхдээ үйлдвэр барихад хүрээлэн байгаа орчинд хал балгүй байх үүднээс газар, байршлаа зөв сонгох, цаашлаад дэд бүтцийн асуудлаа шийдэх гээд асуудлууд байгаа учраас үйл ажиллагаа жигдэртэлээ 2-3 жил болохоор байна. Гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд уламжлалт зуухыг утаа багатай зуухаар солих нь үр дүнтэй гэж олон улсын байгууллагууд зөвлөж байгаа. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлд оролцож байгаа “Сэлэнгэ констракшн” компаний зүгээс манайд санал тавьсны дагуу нийгмийн хариуцлагатай энэ том санаачилгыг бодитой ажил болгоход хамтран ажиллахаар болж зуухны нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт хийхээс эхлээд айл өрхөд хүргэх, угсрах хүртэлх бүх шатны ажлыг М-Си-Эс групп удирдан зохион байгуулахаар болж “Цэвэр агаар” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Өлзий, Хас зуух нийлээд нийт 100 гаруй зуухыг айл өрхүүд авч хэрэглэж байгаа. 60-70 мянган зуухыг айл өрхөд хүргэж суурилуулна гэдэг амаргүй том ажил. Зун намрын саруудыг алгуурлаж өнгөрөөлгүй зуухаа эрт авч өвлийн бэлтгэлээ эртнээс базаахгүй бол хүйтний улирал хаяанд эрсэн хойно бүгд зэрэг хошуураад эхэлбэл ачаалал хүндэрч хаа хаанаа хүлээлт, дугаарлалт үүснэ. Тэгэхээр нийт айл өрх, ард иргэдэд эртхэн сайжруулсан зуухаа авч, өвөлдөө өнтэй, түлшиндээ хэмнэлттэй, нийслэл хот маань утаагүй өвөлжихөд бүгд идэвхийлэн оролцохыг уриалж байна гэв.