Хувьцааны мөнгө өнөөдрөөс орж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.20-нд нийтлэгдсэн

Хувьцааны мөнгө өнөөдрөөс орж эхэлнэ

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах иргэд өнгөрөгч даваа гаригаас арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж эхэлсэн билээ. Өнгөрөгч баасан гаригийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ банкинд гаргасан юм. Албаныхны мэдээлж буйгаар хүсэлт гаргаснаас долоо хоногийн дараа эхний 100 мянган төгрөг дансанд нь орох учиртай. Ямартай ч өнгөрөгч даваа гаригт хүсэлт гаргасан иргэдийн мөнгө өнөөдөр дансанд нь орох ёстой юм.


  • Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товложээ. Нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор өнгөрсөн долоо хоногт хойшлуулсан Таван толгойн цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай багтаж байна. Энэ тухай Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцүүлнэ.


  • Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсын Спала хотод болж байна. Тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 60 кг-д таван бөх тойргоор барилдсанаас жин өгсөн зодоглосон ОУХМ П.Орхон эхний даваандаа Польшийн тамирчин Ж.Вржесей, К.Натальяа нарыг цэвэр, К.Мадровскаг 4:2-оор ялсан бол сүүлийн барилдаанаа Б.Шоовдорыг 7:0-ээр ялж түрүүллээ. Ингэснээр П.Орхон алтан медалын болзол хангасан бол Б.Шоовдор Польшийн гурван бөхийг цэвэр ялж, П.Орхонд ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.


  • Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-аас эхэлсэн, өчигдөр физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтыг тус бүр өгснөөр дууслаа. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 37800 залуус өгсөн. Тэдний 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчид юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын тест задарсан гэх шуугиан дэгдсэн ч Боловсролын үнэлгээний төвөөс няцааж, ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд сануулсан юм.


  • Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно.


  • Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрч буй долоо хоногт иргэдээс олон гомдол иржээ. Хамгийн анхаарал татах гомдлыг онцолжээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баянголын амны 11-1 тоотод ганцаараа амьдардаг иргэний хаяг дээр 4-5 хүн нэмэгдсэн байна. Тухайн асуудлыг шалгаж өгнө үү” гэжээ. Сонгуулийн үеэр хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг бичиж, санал өгүүлдэг гэсэн яриа бий. Тиймээс эл асуудлыг холбогдох газрууд нь шалгаж нягтлах. Мөн иргэд бүртгэлээ хянах шаардлага тулгарч байгааг ч эндээс харж болохоор байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж