Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд өчигдөр гал түймрийн хоёр, зөрчлийн хоёр, орон нутагт галын дөрвөн дуудлага иржээ.
Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл” ХК-ний дэргэд дулааны шугамын худагт цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлага 14:34 цагт ирсэн бол Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 15:03 цагт ирж, дуудлагын дагуу Гал унтраах 14, 10 дугаар ангийн албан хаагчид ажиллан аюулгүй болгожээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт зуны амбаар шатаж байна гэсэн дуудлага 14:29 цагт ирсэн бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн орцонд буйдан шатаж байна гэсэн дуудлага 17:07 цагт иржээ.
Дуудлагын дагуу холбогдох аймгийн Онцгой байдлын Гал унтраах 15, 61 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, галыг аюулгүй болгосон байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт орцонд хог шатаж байна гэсэн дуудлага 18:08 цагт ирсэн бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Хуучин спирт”-ын үйлдвэрийн агуулахад задгай өвс шатаж байна гэсэн дуудлага 19:16 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах ангиуд тус бүр ажиллажээ.
Энэ мэтчлэн галын дуудлага тасралтгүй ирж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжийг галын аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулахыг Онцгойгийнхон сануулж байна.
Г.ХОРОЛ