
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.19/ Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж, тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг танилцуулав. Завхан аймагт УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт Я.Санжмятавыг нэр дэвшүүлсэн. Тэрээр Завхан нутгаа хамгийн сайн мэдэх төрийн түшээ. Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд нутгийнхаа хүүхэд багачуудын боловсролын чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа. Завхан аймагт эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн ажил хийсэн бөгөөд аймгийн хүүхэд бүрийг комьютержүүлсэн гэх мэт ажлыг Завханчууд та бүхэн мэднэ. Завхан аймгийн хувьд Тосон хүртэлх зам тавигдсан, энэ жил Улиастай орох замыг үргэлжлүүлэн барьж дуусгана гэв.
З.Энхболд: Нарантуяа нь Ардчилсан намын улс төрд бэлтгэсэн шилдэг эмэгтэйчүүдийн нэр
УИХ-ын дарга үргэлжлүүлэн хэлэхдээ, Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт З.Нарантуяаг нэр дэвшүүллээ. З.Нарантуяа бол Ардчилсан намын улс төрд бэлтгэгдсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр Монгол банкнаас ажлын гараагаа эхэлж, банк, санхүү, хууль эрхзүйн салбарт ажиллаж байсны зэрэгцээ сонгуульд нэр дэвшихийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан. Тус хугацаандаа зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийг өргөн дэлгэр хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой ажлуудыг хийсэн шилдэг улс төрч эмэгтэй гэлээ.
Ардчилсан намын дарга З.Энхболд үргэлжлүүлээд, 2012-2016 онд хийж, хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийж бүтээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа 5 хувийн зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв.
З.Энхболд: Ирэх 4 жилд бид дахин 100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Харин өнгөрсөн хугацаанд буюу МАН засаг барьж байх хугацаандаа 1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Гэтэл бидний хийж буй энэ ажлыг МАН “Нүгэл” гэж үзээд байна. Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Иймээс бид ирэх дөрвөн жилд дахин “100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно” гэлээ. Мөн МАН-ын үед болон Ардчилсан намын үед баригдсан орон сууцыг харьцуулан харуулав.
Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. Энэ бол хөгжлийн хурдац. Гэтэл МАН зээл авч зам тавилаа гэж шүүмжилдэг. Зээл авахгүйгээр зам тавих боломжгүй, МАН шиг нэг жилд 32,6 км зам тавьж явах ёстой юу. Ардчилсан нам ийм зам ухралтыг сонгохгүй гэлээ.
2013,2015,2016 онд тэтгэвэрийг нэрлэсэн үнээр нэмэгдүүлсэн
Ардчилсан нам 2013, 2015, 2016 онуудад тэтгэврийг нэрлэсэн үнээр нэмсэн. Одоо тэтгэврийн дундаж хэмжээ 306 мянган төгрөг болсныг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга танилцуулав. Мөн өмнө нь их дээр их, бага дээр бага нэмж байсныг халж ижил дүнгээр тэтгэвэр нэмдэг өөрчлөлт хийснийг онцлов. Мөн УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан. Үүний тулд “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-г байгуулж, иргэд олон нийтийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлэх боломжийг нэмсэн. 2012 онтой харьцуулахад орон нутгийн төсвүүд 2.5 дахин нэмэгдсэн байна. Үүний дараа 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
ЕБС-д STEAM лабораторийг нэвтрүүлнэ…олон улсад
өрсөлдөх чадвартай залуусыг бэлтгэнэ
Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгаснаа танилцуулав.Мөн боловсролын салбарт “Зөв Монгол хүүхэд”, “Цөм” хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ЕБС-д STEAM – Science, Technology, Engineering, Arts and Mathematics лаборатори нэвтрүүлнэ. Учир нь монгол хүүхдүүд Япон, Америк гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн сурч мэдэж байгаа хөтөлбөрөөс хоцрох ёсгүй гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн Японд 1000 инженер бэлтгэх ажлыг эхлүүлсэн байгаагийн зэрэгцээ дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулах ажлыг үргэлжлүүлнэ гэв.
Инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцыг
Алдархаан суманд барьсан нь дэвшил
“Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг УИХ-ын дарга онцлов. Өөрөөр хэлбэл хүн болгон өндөр үнэтэй орон сууцанд орохыг хүсдэггүй. Зарим иргэд хашаанд өөртөө тохитой байшин, амины орон сууц бариад амьдрахыг хүсдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ. Ингэснээр Та бүхэн инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцтай болно. Энэ нь эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгож, орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэлээ. Өмнө нь Завхан аймагт ирэхэд Алдархаан суманд халуун хүйтэн устай, дулаанаа шийдсэн инженерийн дэд бүтэцтэй байшинг барьсан байсан. Иймээс Завханчууд цаашдаа “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаад амьдрах орчноо сайжруулах боломжтой гэдгийг Алдархаан сумын жишээгээр тайлбарлав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Завхан аймгийн иргэдэд хандан хэлэхдээ, З.Нарантуяа бол манай нэртэй хуульчдын нэг болохыг онцлоод тус аймгийн эрүүл мэндийн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв. Мөн УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар иргэдэд танилцуулав.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж Завханчуудад хандан үг хэллээ. Тэрээр, Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд маш их ажлыг хийж амжуулсан. Сонгуулийн өмнө УИХ-ын дарга, Ардчилсан намын даргатай хамт Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ айлчлал асар чухал айлчлал болсон. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид нар холбогдох яамдтай санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт гарын үсэг зурснаар монголчууд Япон Улсад дадлагажигч бэлтгэх “МАШ ЧУХАЛ” ажлыг хийж чадсан. Ажлын айлчлалын үр дүн нь “гайхамшигтай” байсан л гэж хэлнэ. Гэтэл үүнийг ажиллах хүч гаргах нь, хар ажилчин гаргах гэж байна гэх мэтээр худал мэдээлэл цацаж, харлуулсан мэдээлэл цацагдагдсаар байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын дарга, Япон Улсын Ерөнхий сайд нарын уулзалтын зураг, баримтуудыг иргэдэд харуулаад энэхүү үйл хэрэгт би монголчуудынхаа төлөө гар бие оролцсон, зүтгэсэн хэмээн хэллээ. Энэ үйл хэргийг үгүйсгэж буй хүн бол нүд сохор, чих дүлий хүн байна хэмээн зүйрлэв. Япон Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас хүртэл бидэнтэй хийсэн уулзалтын талаар, санамж бичигт гарын үсэг зурсан талаараа цахим сайтаар дамжуулан албан ёсоор мэдээллэснийг Асашёрюү Дагвадорж онцлоод сонгууль ойртох тусам тогоон дотор үзэлцэх хэрэггүй, монголчууд эвтэй байхтай хүчтэй, гурван сая монголчууд эвийг сахих хэрэгтэйг санууллаа.Мөн тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын ирээдүй, малын гаралтай түүхий дээ баялаг болгох талаар Завхан аймгийн иргэдэд мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд, Завхан аймгийн иргэд санал хэлж, асуулт асуув. Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой бааз суурьтай аймаг тул цаашид анхаарч анхаарч өгнө үү гэв. Мөн Архангай аймаг сүүлийн 4 жилийн хугацаанд яаж хөгжсөнийг бид харж байна. Гудамж төсөл Архангайд амжилттэй хэрэгжсэн. Энэ нь Ардчилсан намыг багаар нь сонгосны гавьяа үр дүн юм. УИХ-ын дарга хариулахдаа, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт "Гудамж төсөл"-ийг бүх аймагт хэрэгжүүлэхээр заасан байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 6.16-д гудамж төслийг аймаг бүрт хэрэгжүүлэх талаар заасан байгаа гэлээ. Завхан аймгийн мал эмнэлэгийн дарга, Аймгийн ИТХ-ийн гишүүн Б.Мэндбилэг хэлэхдээ, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Завхан аймгийн Засаг дарга н.Жамьяантив дарга огт ажил хийгээгүй. Би ч энэ багийн гишүүн байсан тул энэ жил дахин нэр дэвшээгүй. Учир нь өнгөрсөн хугацаанд огт ажил хийгдээгүй учир би сонгогчдод юу гэж хэлэх билээ. Өнгөрсөн хугацаанд Завхан аймаг АН болон МАН гэсэн хосолмол сонголт хийсэн нь алдаа байсан учир цаашид аймгийн хөгжлийг түргэсгэхийн тулд Ардчилсан намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалав.Мөн Завхан аймгийн өндөр настан З.Мөнөө Ардчилсан намынханд амжилт хүсэн цагаан сүүгээр мялаалга өргөв. Мөн хийж бүтээж, зүтгэж яваа залуусдаа амжилт хүсээд Ардчилсан намаа үргэлж сонгоно гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб