Баянхонгор аймгийн Заг сумын ард иргэд хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй 21000 төгрөгөөр 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй чацарганы бизнес эхлүүлжээ. Тус нэгдлийнхэн өнгөрсөн хоёрдугаар сарын есний өдөр сумын иргэдээ цуглуулан анхны хурлаа хийжээ. Эл хурлаар дүрмийн сангаа батлан, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгож үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Төлөөлөн удирдах зөвлөлд малчид, сум орон нутгийн удирдлага нийлсэн 11 хүн багтжээ. Ийнхүү хуралдсан иргэд нутгаасаа төрөн гарсан эрдэмтэд, амжилттай яваа бизнес эрхлэгчдээс туслалцаа хүсч зөвлөгөө авснаар зах зээлийн судалгаа хийн чацарганы тариалан эрхлэх шийдэлд хүрсэн байна. Эхний ээлжинд чацарганы тариалалтад оролцох 30 ажилчнаа сургалтанд хамруулаад ажлаа эхэлжээ. “Загий гол нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Зоригтбаатар “Заг сум 1395 иргэнтэй. Өөрсдийн санаачлагаараа эвлэлдэн нэгдэж хувьцаат компани байгуулж, улмаар эдийн засгийн эрх чөлөөтэй, ажилтай орлоготой амьдрахын төлөө зүтгэсэн нь энэ. 1395 гишүүнтэй хувьцаат компани Монгол улсын хэмжээнд ганцхан манайх л байна” хэмээн ярьжээ. Дашрамд сонирхуулахад, Дэлхийд хамгийн их үнэд хүрч, эрэлт нь ихэсч буй жимсээр чацаргана шалгараад байгаа бөгөөд энэхүү жимс нь цөмийн хордлогыг бүрэн тайлж анагаадаг шидтэй учраас дэлхий дахинд чацарганы бизнес дэлгэрч байгаа аж. Чацарганы үйлдвэрлэлээр дэлхийд Канад улс тэргүүлж, ОХУ, БНХАУ удаалдаг юм байна.