З.Энхболд: Амаргүй дөрвөн жилийг Ардчилсан нам Их бүтээн байгуулалтын жилүүд болголоо

Хуучирсан мэдээ: 2016.06.18-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Амаргүй дөрвөн жилийг Ардчилсан нам Их бүтээн байгуулалтын жилүүд болголоо

УИХ-ын сонгуулийн 69, 70 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд хийлээ.

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ээлжит төрөө сонгох сонгууль эхэлж байна. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд олуулаа болсон ч олонх болж чадаагүй. УИХ-д суудалтай бүх нам, эвсэлтэй хамтарч засгийн эрхийг дөрвөн жил барилаа. 2012-2016 онд уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ дэлхийд даяар урд хожид байгаагаагүйгээр унаж Монгол Улсын эдийн засагт хүнд цохиолт болж, эрх барьж байсан Ардчилсан намын чадвар, чансааг шалгасан жилүүд байлаа. Амаргүй дөрвөн жилийг Ардчилсан нам Их бүтээн байгуулалтын он жилүүд болгон хувиргаж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, 2016 оны УИХ-ын сонгуулийг угтаж байна. Сүүлийн 30 жил яриад хэрэгжүүлээгүй, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл, аймгуудын төвүүдийг хоттой холбосон 3800 км автозам, нийслэл хотын гудамж, замын өргөтгөл шинэчлэл, орон сууцны найм болон таван хувийн зээл 83 мянган айлын орон сууц, аймаг болгонд 1000 айлын орон сууц, бизнес үйлдвэрлэлийн салбарын 1054 төсөл хэрэгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж, хэрэгжүүлсэн гэх мэт их бүтээн байгуулалтаар иргэд олон түмнийхээ ажлын байрыг хадгалж, орлогыг тогтворжуулж, эдийн засгийн хямралт үеийг амжилттай даван тууллаа. Хавтгайрсан халамжаар өнөөдрийг аргацааж үлдэх өгөөжгүй өр бий болгодогийг бид 2008-2012 онуудад харсан. Их бүтээн байгуулалтаар ирээдүйг цогцлоон байгуулж, эдийн засгийн чадавхиа бэхжүүлж суурийг тавьдагийг 2012-2016 онуудад харууллаа. Эрхэм хүндэт сонгогчдоо ирэх онуудад Монгол хүний төлөө их бүтээн байгуулалтаа хамтдаа үргэлжлүүлцгээе. Хэдийгээр амаргүй байсан ч 1880 үйлдвэрийн төслийг дэмжиж Засгийн газрын бонд, Чингис бонд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл олгож, аж үйлдвэрийн салбарт 6123 ажлын байр нэмэгдсэн” гэв.

Тэрээр Ардчилсан намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс танилцуулсан юм.

82000 айл өрх орон сууцанд орлоо.  Ардчилсан нам анх удаа иргэддээ зориулан 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг эхлүүлсэн, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрий санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Одоо аймаг бүрт, Улаанбаатарын зарим хэсэгт 5 хувийн зээл болж багассан байгаа.

Тэтгэврийг 2013, 2015, 2016 онуудад нэрлэсэн үнээр нэмсэн. Өмнө нь их дээр их, бага дээр бага нэмж байсныг халж ижил дүнгээр тэтгэвэр нэмэгдлээ.

3405 км авто замыг барилаа. Өнгөрсөн 4 жилд улсын хэмжээнд улаанбаатараас энэтхэгийн нийслэл шинэ Дели хүрэх зайтай тэнцүү автозамыг барьжээ. Улаанбаатар хотод 24 уулзварыг шинэчлэн барьж, иргэд зөвхөн шатахуунаас жил бүр 25,3 тэрбум төгрөг хэмнэдэг боллоо.

Сайн экспорт гэдэг мөрийн хөтөлбөрийг бид дэвшүүлж байгаа. Сайн экспорт гэдэг нь уул уурхайн бус экспортыг хэлж байгаа юм. Уул уурхайн бус экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларт хүргэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд манай цахилгаан станцууд анх удаа ашигтай ажилласан. III цахилгаан станц 50 мВт, IV Цахилаан станцаыг 120 иВт-аар нэмэгдүүлж, Амгалан дулааны цахилгаан станцыг цоо шинээр ашиглалтад орууллаа.

Аймгийн төвүүд оношлогооны шинэ төвтэй болсон. Ирэх дөрвөн жилд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шинэ эмнэлэг ашиглалтад орно. 20 мянган айлын түрээсийн орон сууцанд орж хөнгөлттэй үнээр байр түрээслэх боломжтой болсон. Ажилтай орлоготой Монгол хүн нийтээрээ чинээлэг, тогтвортой эдийн засагтай, экспортлогч орон болох зорилт дэвшүүлж байна. Хөгжлийн зүтгэх хүч болсон баялаг бүтээгчдээ дэмжин Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Өрх бүр баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэлийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Бизнесийн үл хөдлөх хөрөнгийг орон сууцтай адил таван хувийн хүүтэй 20 хүртлэх жилийн хугацаатай авдаг болох боломжийг бүрдүүлнэ.

Залуучуудын эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан баталж, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ахмад настны эрхийг хангаж, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулна. Тэтгэвэрийн нэмэгдлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоно. Уул уурхайн ордуудыг эргэлтэд оруулж, хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгойн далд уурхайн төслийг амжиллтай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Газрын тосны олборлтыг жилд 1.7 сая, экспортын орлогыг 500 тэрбум төгрөгөд хүргэнэ. Хүнс хөдөө аж ахуйн, төмс хүсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, дотооын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьж байна. Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлж, мал, махан бүтээгдэжхүүний экспортын орлогыг жилд нэг тэрбум ам.долларт хүргэнэ.

Мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудыг өндөр хөгжилтэй оронд дадлагажуулж, мэргэжил ур чадварыг нь нэмэгдүүлнэ. Нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

“Улаанбаатар төмөр зам”-ын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын баруун урд талаар “Богдхан” төмөр замын төслийг хэрэгжүүлнэ.

Нийт эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүч болгоно. Эрчим хүчний хэрэглээний 85 хувийг дотоодын эх үүсвэрээсээ хангана.

Хот суурин газрын хуучин орон сууцны дулааны алдагдлыг бууруулах “Дулаан байр 1:1” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Усны үр ашигтай зохистой хэрэгцээг хангах зорилгоор саарал ус ашиглах технолгогийг нэвтрүүлнэ. 

ЭХ СУРВАЛЖ: АН-ын сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж