Дель Боске: Туркүүдэд хүнд өдөр болно

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Дель Боске: Туркүүдэд хүнд өдөр болно

Өнөөдөр Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг Францын Ницаа хотын Альянц Ривьера цэнгэлдэх хүрээлэнд "Евро-2016" хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний D хэсгийн 2 дахь тойргийн тоглолтоо Туркийн шигшээ багтай хийнэ.

Хоёр улсын шигшээ баг 1954 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглож, Турк 1:0-ээр өрсөлдөгчөө хожиж байсан түүхтэй юм. Энэ нь Туркийн шигшээ багийн  цорын ганц хожил байсан гэж хэлж болох юм. Испанийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд Де Хеа, Хуанфран, Пике, Рамос, Альба, Бускетс, Сильва, Фабрегас, Иньеста, Нолито, Мората нар багтсан бол Туркийн гарааны бүрэлдэхүүнд Волкан Бабажан, Гекхан Генюл, Семик Кайя, Хакан Балта, Жанер Эркин, Мехмет Топал, Сельчук Инан, Огузхан Эзьякуп, Волкан Шен, Хакан Чалханоглу, Арда Туран нар  багтжээ.

Энэ тоглолтын талаар Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дель Боске: "Хэсгийн 1-р тойргийн тоглолтонд бид 3 оноо авсан нь нилээд том амжилт. Өмнөх амжилтаа дордуулахгүй тоглох нь чухал. Туркүүд нилээд ширүүн тоглоно. Жинхэнэ хөлбөмбөгийн тоглолтыг үзүүлж чаддаг, хүчтэй тоглогчидтой, сайн багуудын нэг. Туркийн баг хамгаалалтандаа нэг их анхаарахгүй, ганцаарчилсан тоглолт их хийх болов уу гэж бодож байна. Тэд өөрсдөө бөмбөгөө эзэмших дуртай, хүчтэй шийдэмгий тоглогч ихтэй. Би энэ багийн тоглолтын хэв маягийг сайн мэднэ. Тэд тийм ч амархан бууж өгөхгүй л болов уу” гэсэн байна.

Харин Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Фатих Терим: "Тоглолтын төлөвлөгөөгүйгээр Испанийн багийг хожино гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн хамгаалалтандаа анхаарч тогловол тэд хамгаалалтыг даваад л тоглочихно. Бид өөрсдөө энэ тоглолтын өнгийг тодорхойлохыг хичээх болно. Эхний тоглолтондоо бид шигшээ багийн бус клубын тоглолт хийсэн. Энэ нь манай багийн алдаа болсон. Манай улсын хөгжөөн дэмжигчид биднээс ичихээргүй тоглолтыг л үзүүлэхийг хичээх болно” гэжээ.

Хоёр багийн тоглолтыг Сербын иргэн Милоград Мажуич шүүн явуулна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж