Чингисийн төв талбайд хаанаас ч юм хуучин оны бенз, порши загварын машинууд эгнэж харагдав. Эдгээр “Өвгөн” машинууд талбайн дэргэдүүр өнгөрч буй хүн бүрийн анхаарлыг ихэд татаж байлаа.
Бээжингээс Парис хүртэлх замыг ХХ зууны үеийн хуучны машинтай туулж буй аялагчид өнөөдөр /2016.06.17/ Чингисийн талбайд түр саатсан нь энэ ажээ. Эдгээр аялагчид Франц улсаас машинуудаа усан онгоцоор Бээжин хүртэл ачуулж, тэндээсээ машинаа хөлөглөн, Монголд ирсэн байна.
Анх уг аяллыг 115 машинтайгаар эхэлж байсан бөгөөд өнөөдөр 110 машин нь байна. Аялагчид 1940 оноос өмнөх машинууд болон 1940 оноос хойших үеийн машинуудаар аялж байгаа юм.
Бээжингээс-Парис хүртэлх 13 600 км замыг туулахаар Голландын иргэн Том эхнэрийн хамт анх удаа аялах гэж буй гэнэ. Тэд 1969 оны мерседес бенз машинтай аялах ажээ. Уг аялалд АНУ, Австрали, Голланд, Англи, Нидерланд, Норвеги, Малайз, Ливан зэрэг олон орны 230 орчим аялагч нэгдсэн байна. Сонирхуулахад Бээжингээс Парис хүртэлх аяллын хамгийн “хөгшин” машин 1920 онд үйлдвэрлэгдсэн гэнэ.
Бээжингээс Парис хүртэлх аялал анх 1907 онд эхэлсэн бөгөөд гурван жил тутамд нэг удаа Бээжин-Монгол-ОХУ-Беларусь-Польш-Славак-Унгар-Чех-Швецарь-Парис гэсэн маршрутаар аялдаг байна.