Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2016.06.16/ нийт 325 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 218 дуудлага бүртгэгдсэн байна.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Мөн хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд гарсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12-р хороо 13 дугаар хорооллын хойд замын явган хүний гарц дээр “Nissan Tiida” маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 48 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Бас Налайх дүүрэг 5-р хороо Тангадын Хөндий гэх газар шороон замд Р жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 60 настай, эрэгтэй Р-н амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ.
Г.ХОРОЛ