Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үйл явцад дөрвөн чиглэлээр мониторинг хийжээ. Тухайлбал, хэвлэл мэдээллийн мониторинг, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, сонгуулийн компанит ажлын санхүүжилтын мониторинг, санал хураах, дүн гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр ажилаж, дүнгээ өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл хаалттай гэх үр дүнг танилцуулсан юм. Учир нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн зургаадугаар сарын 11-14-ны хооронд нийслэлийн хоёр дүүрэг, Төв болон Өмнөговь аймгийн нэр бүхий тойргуудад ажиллахад нэр дэвшигч, намуудын 98 хувь нь санхүүжилтын мэдээллээ өгөхөөс татгалзжээ.
Мониторингийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр тойрог, Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 22, 23 дугаар тойрогт хийсэн байна. Намууд санхүүжилтын мэдээлэл өгөхгүй шалтгаанаа янз бүрээр тайлбарлажээ.
Монгол ардын намын хувьд /МАН/ нэг хэсэг нь мэдээлэл өгөхөөр хүснэгт бөглөхөөр авсан ч хариу өгөөгүй. Харин нөгөө хэсэг нь шалтгаангүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан. Ардчилсан намын /АН/ хувьд “Мэдээллийг сонгуулийн дараа л бөглөх боломжтой. ТББ нь сонгуулийн хороотой гэрээ байгуулсан тохиолдолд л мэдээлэл өгнө” гэх хариулт өгчээ. Монгол ардын хувьсгалт намын /МАХН/ зүгээс “Тухайн намд хаягласан СЕХ-ны албан бичиг ирвэл мэдээлэл өгнө” зэрэг шалтгаанаар татгалзсан байна.
Мөн ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн сүүлийн нэг жилийн хугацаанд бүрдүүлсэн хандивын төрийн аудитаар хянуулсан тайлангийн хуулбар, нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл авахаар хандахад татгалзсан хариу өгсөн гэв. Уг нь хуулийн дагуу дээрх мэдээллийг иргэд хүсэлт гарган авах эрхтэй байдаг аж.
Тайланд дурдсанаар сонгуулийн сурталчилгааны явцад хууль бус сурталчилгаа хийх үйлдэл илт ажиглагдаагүй гэжээ.
Цаашид сонгуулийн шударга өрсөлдөөн үзүүлэхийн тулд сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчид зардлын дансаараа хүлээж авч буй хандив, зарцуулалтыг сонгогчдод ил тод мэдээлэхийг уриаллаа.
Телевизүүдээр далд сурталчилгаа их явжээ
Сонгуулийн сурталчилгааны мониторингийг МҮОНТ, ТВ9, ТВ5, MN25, UBS гэсэн таван телевизэд хийжээ. Ингэхдээ сонгуулийн сурталчилгааг хоёр төрлөөр явуулжээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх, эхэлсний дараах гэж хоёр ангилсан байна.
Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх буюу зургаадугаар сарын 8-10-ны хооронд телевизүүдэд хоёр намын далд сурталчилгаа их явсан талаар тайланд дурджээ. Далд сурталчилгааны шинж агуулсан мэдээлэлд МАН 52 хувь, АН 19 хувьтай байсан аж. Харин сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа MN25 телевизэд 92 хувь, МҮОНТ-д 82 хувийг эзэлжээ.
Тэгвэл МҮОНТ-ийн мэдээллийн 75 хувь нь төвийг сахисан хандлагатай байсан гэв. Харин MN25 телевизийн мэдээллийн хамгийн их нь буюу 50 хувь нь эерэг хандлагатай байжээ. Тэгвэл ТВ9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 40 хувьтай байсан аж.
Телевизүүдээр цацагдаж байгаа сонгуулийн мэдээллийн 51 хувийг МАН эзэлжээ. Харин мэдээллийн хөтөлбөрийн 53 хувийг АН, 31 хувийг АН, үлдсэн хувь нь бие даагчдын мэдээ эзэлсэн байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш мониторинг хийхэд телевизүүд тэгш тэнцвэртэй мэдээлэх үүргээ хангалтгүй биелүүлж байгаа гэх дүн гарчээ. Учир нь телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 37 хувь, АН-ын мэдээлэл 30 хувь, бие даагчдын тухай мэдээ гурван хувь эзэлсэн байгаа юм.
Хар машин дахь саналыг замаас нь будилуулах боломжгүй
Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж гэрчилгээжүүлэх ажил өнгөрсөн сарын 28-наас эхэлжээ. Албаныхны мэдээлж буйгаар программ хангамжинд ямар нэг алдаа илрээгүй гэлээ. Дараагийн шалгалт нь санал тоолох систем буюу хар машин юм байна. Санал тоолох машиныг бэлтгэх, баталгаажуулах ажил эхэлжээ.
Хуваарь ёсоор маргааш хар машинуудад саналыг бүрэн уншиж байгаа эсэх, мандатаас илүү санал бөглөвөл нөхцөлт хуудсыг уншилгүй буцааж буй эсэх зэрэг туршилтыг хийх юм байна.
Энэ үеэр “МИДАС” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал “Бидний хамгийн санаа зовоож буй асуудал бол санал тоолох систем буюу хар машин. Хар машины хувьд иргэдийн зүгээс ч тэр тал бүрээс олон хардалт, шүүмжлэл явж байгаа. Бидний хувьд иргэдийн хардаж буй асуудлууд дээр анхаарал хандуулж мониторинг явуулж байна.
Хар машинд төв серверт ирж буй саналыг замаас нь будилуулна гэх яриа их гарч байгаа. Тэгвэл төв сервер дээр ирж буй тоо бол сонгуулийн санал дуусаад биллээ хэвлэж, хэсгийн хорооныхон гарын үсэг зурсны дараа явж буй үр дүн. Өөрөөр хэлбэл, хэсгийн хороонд саналыг өөрчлөх ямар ч боломжгүй.
Мөн олон газар хар машинаас татгалзсан гэх мэдээлэл явж байгааг харсан болов уу. Гол нь хэтэрхий автоматжуулчихсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг цаасан дээр нүүрэлдэхгүй системийг халсан гэдгийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Киргизийн Засгийн газраас бүрэн автоматжсан биш, манайх шиг давхар хүний оролцоотойгоор хянаж болох системийг нэвтрүүлж болох юм хэмээн сонирхож байгаа юм билээ. Мөн олон улс ч энэ системийг сонирхож байгаа гэж ойлгож болно” гэлээ.
Б.ЗАЯА
ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ