Болсон явдал. Хэдэн жилийн өмнө улсын хилээр 200 хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хэргийг гаалийнхан илрүүлж сүр дуулиан болсон. Хоёр жилийн өмнө БНСУ-аас 85 тонн шинжилгээний бичиггүй гахайн өөх оруулах гэснийг бас илрүүлсэн. Тэд “хууль бус бараа” учраас улсын орлого болгож хураасан. Гэвч гахайн өөх ч, хөлдөөсөн чоно ч мэргэжлийн хяналт, гаалийнхны ажлын уялдаа, шат дарааллын ойлгомжгүй байдлаас болж хоёулаа өмхийрсөн. Хоёр байгууллага нэг рүүгээ бичиж цаас шидэлцэж, асуудлыг шийдэж ядаж байтал дулааны урь орчихсон юм. Хадгалж байсан зоорь тэр чигтээ өмхийгөөр дүүрч, өт ялаа тэр хавар, зун, намартаа арилаагүй. Барааны эзэн цөм шатаж, улс ч орлого олохоосоо өнгөрсөн дөө.
Бас нэгэн болсон явдал. Дүүрэгт барьж байсан барилгаас тулгуур төмөр унаж хүний амийг хохироосон нь харамсалтай явдал. Уг нь ослоос өмнө дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүрэм, журам зөрчсөн гээд барилгын үйл ажиллагааг зогсоож акт бичсэн байсан юм. Гэтэл төд удалгүй барилгын эзэн салбарын яамны барилгын техникийн улсын байцаагчаар зөвшөөрөл гаргуулаад ажлаа эхлүүлчихсэн. Хэд хоногийн дараа энэхүү хэрэг гарсан. Хоёр хууль, хоёр журам, хоёр даргын тушаал, дүрмийн зөрчил эцэстээ ийм зүйл рүү аваачсан гэх юм билээ.
Гурав дахь болсон явдал. Шарга морьтын зуслангийн замд нэг эр замын цагдаагийн хувцас өмсөж, жолооч нарыг торгож, заримынх нь бичиг баримтыг хураасан тохиолдол гарч байв. Хэрвээ хүн гомдол гаргаагүй бол хуурамч “замын цагдаа” нэлээд хэдэн хүнээс мөнгө салгаад арилах байсан. Жолооч нар замын цагдаагийн бичиг баримтыг шалгах эрхтэйгээ ч мэддэггүй, нөгөөдүүл нь ч цааргалдаг. Иргэд хуулиа мэддэггүй, хууль сахиулагч тэдэнд эрх, үүргийг нь бүрэн тайлбарлаж өгдөггүй явдлын нэг уршиг энэ байсан. Мэддэг байсан бол эхний жолооч л “замын цагдаа”-г цагдаад тушаах байсан.
Өөр нэг болсон явдал. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ нэг улстөрч даргатай болсон. Иргэдээ сонсдог, сайн ажилладаг харагдах гээд ёстой л “сэлэм эргүүлсэн”. Мэргэжлийн хяналтынхны өмнөөс баахан компанид шалгалт хийж акт тавьсан. Дараа нь Эрүүл мэндийн яамны өмнөөс тусгай зөвшөөрөл цуцалж, эм хураасан. Телевиз, сайтын зөвшөөрлийг цуцлах гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны өмнөөс ч ажилласан. Ер нь ШӨХТГ-аас өөр ажил хийдэг байгууллагагүй мэт л аашилсан. Эцэст нь, тэр дарга, тэдний байцаагч нарын акт торгууль бүгд шүүх дээр хүчингүй болсон доо. Аль байгууллага юу хариуцах вэ гэдэг харьяаллыг хуулиар тодорхой болгоогүйн балаг.
Эрт болсон явдал. Өвөрмонголын иргэнийг гурван жилийн өмнө цагдаа бариад байцаажээ. Мань эрийг иргэний харьяатынхан Монголд хууль бусаар оршин сууж байна хэмээгээд албадан буцаахаар болжээ. Өвөрмонгол залуу халх эхнэртэй, хүүхэдтэй учир нуугдаж, зугтаахаас яах вэ. Ингэж баригдахад нь цагдаагийн ажилтан өрөөндөө паартай гавлаад хонуулчихсан байх юм. Шөнө цангасан, гав гар өвтгөсөн, цагдаад шанаадуулаад эрүү хугарсан. Хууль сахиулагч “хууль бус оршин суугч”-ийг барьж байцаасан нь ажлаа хийж байгаа зүйл боловч “хүчний байгууллагын ажилтан” гэдэг дүрдээ ороод хүний эрхийг дэндүү зөрчсөн байна. Тэр үед зорилго нь аргаа зөвтгөөд л өнгөрсөн.
Энэ мэтээр хууль сахиулагчид хуулийн нэрээр, эсвэл байгууллагынхаа даргын гаргасан тушаал журмаар түрий барьж, иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчих нь бий.
Монгол Улсад албадлага хэрэглэх, үзлэг нэгжлэг хийх, саатуулах, баривчлах, битүүмжлэх, үйл ажиллагааг нь зогсоох, хүний биед болон орон сууц, эд хөрөнгөд халдах, шаардлага гарвал гавлах, бороохойдох, галт зэвсэг хэрэглэх эрхтэй өчнөөн субьект бий. Энэ эрхийг өнөөдрийг хүртэл цагдаа Цагдаагийн албаны тухай хуулиараа, мэргэжлийн хяналтынхан Төрийн хяналт шалгалтын тухай хуулиараа, тахарууд Тахарын албаны тухай хуулиараа, татварын байцаагч Татварын ерөнхий хуулиараа эдэлж ирсэн. Салбар салбарын амбицаар өөрсдөдөө эрх мэдэл олгосон эдгээр хууль, дүрэм журмаар иргэнийхээ эрхэнд хүнлэг бусаар халддаг байдлыг хазаарлаж, хяналтад байлгах цаг ирснийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа дэвшүүлж байв.
Хуулийн засаглал, хүний эрх, шударга ёсны зарчмыг тунхагладаг тэрбээр багтайгаа хамтарч ярьснаа олон улсын гэрээ пакт, Үндсэн хууль болон бусад судалгаанд үндэслэн Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болгож боловсруулсан. Эрдэмтэн мэргэд, судлаачдын санал шүүмжийг тусгаж төслөө Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон тэдгээрийн процессын хуулиудтай УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч түүний дараах сайд хуулийн төслийг буцаан татаж, “болоод байгаа зүйлийг өөрчлөх гэлээ” гэсэн. Гэхдээ Х.Тэмүүжин гишүүн өмнө хэлсэндээ хүрч хуулийн төслийг УИХ дээр тайлбарлаж, олон нийтийн дэмжлэгийг аваад сайдаар буцааж өргөн бариулсан билээ.
Зорилгынхоо төлөө тууштай зогсож, “хүчний байгууллага” гэж өөрсдийгөө хэлдэг цагдаа, шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн харьяат, дээр нь мэргэжлийн хяналт, татвар, гааль, онцгой байдлын байгууллагыг иргэндээ үйлчилдэг хууль сахиулах байгууллага болгох зорилтоо Х.Тэмүүжин ингэж биелүүлсэн. Хүний эрхэнд халдахаас аргагүй тохиолдолд тэд прокурор, шүүхээс зөвшөөрөл авна. Иргэнийхээ эрхийг хуульд заасан үндэслэлгүйгээр зөрчихгүй гэсэн хатуу заалттай боллоо. Одоо Хууль сахиулах тухай хууль есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэ хууль батлагдсанаар хууль сахиулагчдын бүх үйлдэл хуульчлагдаж, хуулиас гадуур дураар авирлах боломжгүй болсон. Хууль сахиулагчийн иргэнтэй мэндлэх, харилцахаас авахуулаад баривчлах, саатуулах хүртэлх бүх алхмыг хуульчилсан. Ингэснээр хууль сахиулах байгууллагуудын баримталж мөрддөг хууль, дүрэм, журам, заавар, тушаал хоорондын давхардал, хийдэл арилахаар болж байна. Магадгүй энэ хуулийг, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжээд эхлэхээр өмнө нь эрх дархтай байсан “хүчний” гэж өөрсдийгөө дөвийлгэж тэрхүү хүчээ иргэндээ гаргадаг байсан институциэс эсэргүүцэл гарах болов уу. Олон жил мөрдөж явсан эрх зүйн орчинд нь тэднийг дасгах, чадваржуулахын тулд онол, практик сургалтууд явуулах шаардлагатай. Энэ бүхэн хэрэгжиж эхлэх үед нийтлэлийн эхэнд дурдсан таван болсон явдал дахиж гарахгүй. Үүнээс жирийн иргэн бид л хожино. “Хууль хүнийг хамгаалдаг болсон цагт хүн хуулийг хамгаалдаг болно” гэх Х.Тэмүүжингийн үг биеллээ олно.
Л.БОЛД