Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх нь зөв үү?

Нийслэлийн хэмжээнд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол цэвэр агаарын асуудал байгаа. Үүнийг шийдэхийн тулд гэр хорооллын дахин төлөвлөлтйн асуудлыг яаралтай шийдэх асуудал дахин тулгарч байгаа талаар УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн эвсэлээс нэр дэвшигч Монгол улсын гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгтэй ярилцаж тодорууллаа.

-УИХ-ын сонгууль эхлэх гэж байна. Таны хувьд тусгаар тогтнол эв нэгдэл эвсэлээс схд-ын 71-р тойрогт нэр дэвшиж байгаа. Танай эвсэл мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай намын мөрийн хөтөлбөрт орон сууцжуулах хөтөлбөрийг хот хөдөөд хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Тус хөтөлбөрт дараах зүйлсийг тусгасан.

  1. Ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар орон сууцжуулах
  2. Хүмүүсийн орлогын түвшингээс хамаарч орон сууцны үнийг ялгавартай тогтоох.
  3. Хуучин орон сууцыг нурааж дахин төлөвлөх
  4. Гэр хорооллын дахин төлөвлөлт

-Ер нь дахин төлөвлөлт хийх нь иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Дахин төлөвлөлт хийх нь иргэдэд болон нийслэлчүүдэд маш их ач холбогдолтой.

Бид СХД-ын Өнөр хорооллын ард байрлах гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхэлье гэсэн саналтай байгаа. ГЭР хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулахад барилгын компаниудад ашигтай харин газрын эздэд ашиггүй тусдаг байсан.

Газрын эзэдэд ашиг унагаж болох уу гэвэл болно.

Жишээлбэл 48-н айл нийлээд нэг орон сууцанд орлоо. Харин 48 айлын байрыг дээд талдаа 3-4 айлын газар дээр барьчихдаг. Тэгэхээр цаана нь 35 айлын газар цэвэр ашигаар ороод ирж байгаа. Газрын үнэлэмжээр бол 3-4 айлын газар 1 тэрбум төгрөг тэгэхээр 9 тэрбум төгрөг газрын ашигаас гараад ирнэ. Харин 48 айлын орон сууцыг 3-4 тэрбум төгрөгөөр барьдаг гээд бодохоор иргэд өөрсдөө төрд болон бусад барилгын компанид газраа зараад зарсан мөнгөөрөө өөрсдийнхөө байрыг бариулах бүрэн боломжтой юм.

Одоогийн дахин төлөвлөлтөөр 1-2 өрөө байр л нэг айлын газарт өгдөг. Тэгвэл өөрсдөө газраа зарж байраа барьсанаар 3-4 өрөө байранд орох бүрэн боломжтой.

Тэгэхгүй бол барилгын компаниуд том газрыг авчихаад хэсэгхэн газарт нь хүмүүсээ оруулдаг. Үлдсэн тэр том газарт нь бизнес хийгээд иргэдэд ашиггүй байдал үүсгээд байна шүү дээ. Тиймээс газрын ашиг эзэндээ очих хэрэгтэй. Би аль дээрээс л ингэж хэлээд байгаа юм.

-Дахин төлөвлөлт хийх нь нийслэлчүүдэд ямар ашигтай юм бол? Хүн бүр л янз бүрээр тайлбарлаж байна. Харин таны хувьд?

-Нийслэлчүүдэд ашигтай. Учир нь өвөл болохоор утаандаа урдахаа хардаггүй, хавар болохоор жорлон нь гол, хөрс рүүгээ урсаад, шингээд орчихдог шүү дээ. Үүнийг л таслан зогсоохын тулд яаралтай гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулах шаардлага гараад байгаа юм.

Гэр хорооллын иргэдэд бол хананаасаа усаа аваад, паалантай жорлонд паркетан шалан дээр гишгэж, гадаа гарч мод хагалж нүүрс түлэхгүй байх нь ажлыг нь хөнгөвчилж өгч байгаа юм. Ер нь тэгээд байранд орсоноор гал түлэхгүй болж агаарын бохирдлыг арилгаж байгаа гэсэн үг шүү дээ.

Гэр хорооллын дулаан бохир цэвэр усыг төр шийдэх ёстой. Байранд дулаан, бохирын шугамтай хүмүүс чинь сайхан байна ш дээ. (инээв)

-Гэр хорооллын дулааны шугамын асуудал гээд сая ярьлаа. Дулааны шугам тавихад нэлээн асуудал гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зөв гэж бодож байна вэ?

-Яармагт хурдны зам тавьсан чинь хороолол руугаа дулааны шугам татах гээд нөгөө хурдны замаа эвдсэн. Тэгээд дараа нь дахиад л замаа янзалсан. Иймхэн юм бодож чадахгүйгээс болж нэлээн хэдэн төгрөгийг алдагдал амссан гэж сонсож байсан. Тиймээс замаа тавихаасаа өмнө шугамаа татчихвал л ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ.

-Нэгэнт сонгуулийн тухай намын тухай ярьсан болохоор асуухгүй байж болохгүй байх. МАНАН буюу Монгол ардын нам, Ардчилсан намын хийсэн ажлын талаар юу гэж боддог вэ?

-МАНАН-гын хувьд маш их зээл авсан. Татвараас орсон мөнгийг буюу ард түмний мөнгийг хайр найргүй цацлаа. Өндөр өртөгтэй олон ажлыг л хийж гүйцэтгэсэн гэж бодож байна. Энэ өндөр өртгийг багасгаж болох байсан.

АН дараа жилээс авсан зээлээ төлөхийн тулд дахиад зээл авна гэж байгаа. Дахин зээл авахдаа өндөр хүүтэй 11-ээс дээш хувийн хүүтэй авна. Анх бол 4-5 хувийн хүүтэй ЧИНГИС бонд гаргаж байсан. Удахгүй энэ зээлийн хүү нь 15% ч болж мэднэ.

Тэгэхээр хүү гэдэг чинь манай улсын төсвийг хүүлж байгаа байхгүй юу. Шуудхан хэлэхэд МАНАН ард түмний мөнгөөр туйлчихлаа. Улсын төсвийн гол зардлууд өрийг төлөхөд зарцуулагдаж байна. Уг нь улсын төсвөөр чинь ард түмний амьдралыг сайжруулах бүтээн байгуулалт хийх ёстой юм шүү дээ.

-Танд газрын ашгийг эзэнд нь өгөх нь ямар ашигтай байгаад энэ олон жил хэлээд яриад яваад байна?

-Надад ашиг унахгүй шүү дээ. Хэлээд, яриад байгаа төслөө хэрэгжүүлээд ард түмэнд л ашигтай хүргэж байвал боллоо. Эдийн засгийн хямралд орсон иргэдэд ихээхэн тус дэм болно гэж л ГАЗРЫН АШГИЙГ ЭЗЭНД НЬ гээд хэлээд, яриад яваад байгаа юм. Би чинь өөрөө эдийн засагч хүн болохоор эдийн засгийн тооцоог мэдэж байгаа. Нүдэн дээр минь ийм шударга бус ард иргэдийгээ шулж байгаа процессыг мэдэж байгаа учраас дуугүй сууж чадахгүй байна. Үүнийг хийснээр надад ашиг унах уу гэвэл ЮУ Ч УНАХГҮЙ.

-Хотын төвлөрлийн талаар юу гэж бодож байна?

-Улаанбаатар хот 1 сая гаруй хүн амтай энэ нь бусад оронтой харьцуулахад тийм ч их биш. Тиймээс хотоо тэлж хотоо дагаж хөгжих нь зөв гэж бодож байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Уих-ын сонгуулийн ажилд тань амжилт хүсэж байна.

-Баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт нэр дэвшигч Н.Дашзэвэгийн сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж