Өнгөрсөн оны аравдугаар сард Синайн хойг дээр сүйрсэн Оросын Airbus A321 агаарын хөлгийг Египетийн хэт даврагчдын “Ансар Бейт аль-Макдис” (одоо “Вилаят Синай”) бүлгийн дайчид дэлбэлсэн гэх мэдэгдлийг Америкийн Тагнуулын төв газрын захирал Жон Бреннан хийлээ гэж ТАСС агентлаг дамжуулжээ.
“Уг бүлэглэлийнхэн Оросын онгоцонд бөмбөг тавин дэлбэлж сөнөөсөн гэж бид үзэж байгаа юм” хэмээн Тагнуулын төв газрын тэргүүн АНУ-ын Конгресст илтгэхдээ мэдэгдлээ. Бреннан тодруулахдаа, ”Ансар Бейт аль-Макдис” бүлгийг “Исламын улс” гэх өөр бүлэглэл үнэн хэрэгтээ уусган өөртөө нэгтгэсэн гэжээ.
“Ансар Бейт аль-Макдис” гэх бүлэг Египетийн 2011 оны хувьсгалын дараа бий болжээ. Уг бүлэглэлийн ихэнх гишүүд “Исламын улс” бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдадид үнэнчээ тангараглан уг байгууллагад нэгдээд “Вилаят Синай” нэр авсан байлаа. Британийн хэвлэл мэдээлэл Оросын онгоцыг “Исламын улс” бүлгийн Синайн салбар үүрийнхэн дэлбэлсэн гэж бичиж байсан юм.
Шарм-эль-Шейхаас Санкт-Петербургийн чиглэлд нисч байсан Airbus A321 агаарын хөлөг Синайн хойгт 2015 оны аравдугаар сарын 31-нд сүйрч 224 хүн амиа алдсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР