Бодибилдингийн спортоор дэлхийн 10, азийн 9 удаагийн аварга цолыг хүртсэн Малайзын нэрт тамирчин Сазали Самадийг Монгол Улсад ирэх үед нь уулзаж ярилцлаа. Түүний хувьд “Хар ирвэс” клубын урилгаар манай улсад аялаад буцсан юм.
–Юуны өмнө манай улсад ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Эндээс яриагаа эхлэх үү?
-Мэдээж сайхан байна. Би анх удаа Монголд ирлээ. "Хар ирвэс” клубын урилгаар танай оронд зочлоод буцаж байгаадаа баяртай байна. Цөөн хоног бэлтгэл хийсэн ч гэлээ сайхан байлаа. Ирсэн өдрөөс эхлэн бороо их орсон. 2-3 өдөр бороо ороод жаахан уйтгартай санагдсан. Гэхдээ дараагийн өдрүүдэд нарлаг болж, бидний аялал эхэлсэн. Хөдөөгийн байгалийн сайханд амрах таатай байлаа. Үнэхээр үүнийг бол олон үгээр хэлэхэд хэцүү юм байна. Түүний оронд ирээд нэг үзэх нь л чухал байгааг мэдэрлээ. Гэхдээ мэдээж дараа дахин ирэх хүсэлтэй байна.
–Таны хувьд яагаад бодибилдингийн спортоор хичээллэх болов?
-Намайг бага байхад манай улсад бодибилдингийн нэртэй тамирчид олон байсан. Тухайн үед Азийн аварга болсон тамирчид олон төрж байлаа. Тэгээд тэд нар шиг сайхан биетэй болохыг их хүсдэг байсан. Нэг мэдэхэд би энэ спортыг сонгосон. Гэхдээ энэ маань гэнэтийн шийдвэр байсангүй. Мэдээж би тодорхой нэг зорилго тавьж энэ спортыг сонгосон. Удалгүй миний хүсэл мөрөөдлүүд биелэсэн. Тэгээд хичээллэж эхэлсэний дараа урамшиж, өөрийгөө зөв сонголт хийсэн юм байна гэдгээ ойлгосон.
–Анхны тэмцээн, анхны амжилт. Тэр бүр таны сэтгэлд их ойр байгаа байх?
-Нээрээ би бараг мартсан байна шүү. Үнэндээ тухайн үед 20 орчим насны залуу байсан. Анхны тэмцээнээс их урам авч байсан. Удалгүй ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болж, амжилтын төлөө өөрийгөө жинхэнэ дайчилж чадсан. Дэлхийн аварга цолыг 33 настайдаа авч байсан. Гэхдээ тэр хүртэлх хугацаанд их олон тэмцээнийг үзэж байж тэр сайхан мэдрэмжийг авсан. Харин тэр агшинг одоо санахад гайхмаар бас айдастай байлаа. Би өөрийгөө ч түрүүлнэ гэдэгт итгэлтэй биш байсан. Анхны дэлхийн аварга цолыг нутагтаа авсан болохоор янз бүрийн зүйл яригдсан. Намайг магтах нэгэн байлаа ч бас эсрэгээрээ нутагт нь болсон учраас түрүүллээдээ гэдэг ч юмуу. Харин надад энэ зүйлд зөв хариулт өгөхийн тулд бэлтгэлээ улам сайн хийж, цолоо хамгаалахыг хүссэн. Тэгж явсаар би дэлхийн аварга цолыг 10 удаа авчихлаа. Энэ цолыг жил бүр хамгаална гэдэг бол хамгийн том амжилт болж үлдсэн юм байна.
Дэлхийн аварга цолыг анх 33 настайдаа авч байсан. Тэр агшинг одоо санахад гайхмаар бас айдастай байлаа. Би өөрийгөө ч түрүүлнэ гэдэгт итгэлтэй биш байсан. Би дэлхийн аварга цолыг 10 удаа авчихлаа. Энэ цолыг жил бүр хамгаална гэдэг бол хамгийн том амжилт болж үлдсэн юм байна.
–Дэлхийн аварга цолыг 10 удаа авахад амар байгаагүй байх. Эргээд харахад юу бодогдож байна?
-Ази тивд бодибилдингийн спорт өндөр төвшинд хөгжсөн. Тиймээс эндээс тивийн аварга болоод цаашлаад дэлхийд өрсөлдөнө гэдэг бол маш хэцүү. Үүнийг би маш сайн мэдэрсэн учраас өмнө байсан зорилгынхоо төлөө тууштай байлаа. Би энэ спортод зориглож орсон учраас тэр хэмжээгээр өөрийнхөө амжилтыг хадгалахыг хүссэн. Тиймээс тивдээ есөн удаа түрүүлж, дэлхийн 10 түрүүлсэн амжилтыг хийлээ. Цаг хугацаа их хурдан өнгөрснийг анзаарсангүй. Өнгөрсөн онд дэлхийн аваргаас 10 дахь түрүүгээ авсны дараа бага ч болов амрах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд энэ жилийн тэмцээнийг өнжсөн байгаа. Мэдээж энэ бол амар даваа биш шүү дээ. Бүх зүйл өнөө хэрнэ гайхалтай байгаад сайхан байна.
–Та жингээ жил бүр өөрчилж ордог байсан гэсэн. Энэ байдал хэр хэцүү вэ?
-Тиймээ. Би жингээ өөрчилж орж байсан. Энэ миний давуу тал байсан байх. Зарим жил бага, эсвэл дээшээ өгсөх ч юмуу. Нэг жинд олон жил өрсөлдөөгүй. Аль болох өөрт байгаа боломжоо ашиглаад жин бүрт орж үзсэн. Түүний ачаар дэлхийн аварга цолыг олон удаа авсан байх.
–Таньд энэ спортоор хичээллээд шантрах үе байсан уу?
-Ямарваа нэгэн зүйлд шантрах хэрэггүй. Хэрвээ тэгэх юм бол амжилт амархан буурна. Хэцүү үе байсан. Ялангуяа Азийн тоглолтуудын үеэр бидний өрсөлдөөн маш их хүчтэй байдаг. Зарим үед шүүлтээс болж медалиас мултрах эсвэл мөнгөн медаль дээр буух ч харамсалтай тохиолдол гарч байсан. Дараа нь бичлэгийг дахин үзэхэд нээрээ би аварга болох байсан байна гэж бодогдох үе байдаг байлаа. Гэхдээ нэгэнт тухайн дэвжээн дээр шүүгч дүнг гаргасан бол тэр бүгдэд хүндэтгэлтэй ханддаг. Хэрвээ би жаахан алдаан дээр шантраад энэ спортыг орхисон бол өнөөдөр ийм том амжилтын цаана гарахгүй байсан шүү дээ.
Ямарваа нэгэн зүйлд шантрах хэрэггүй. Хэрвээ тэгэх юм бол амжилт амархан буурна. Хэцүү үе байсан. Ялангуяа Азийн тоглолтуудын үеэр бидний өрсөлдөөн маш их хүчтэй байдаг. Хэрвээ би жаахан алдаан дээр шантраад энэ спортыг орхисон бол өнөөдөр ийм том амжилтын цаана гарахгүй байсан шүү дээ.
–Бодибилдингийн спортоор хичээллэсэний давуу тал юу вэ? Үнэндээ би таныг 50 настай гэхэд итгэж чадахгүй байна?
-Дасгал бол хамгийн чухал. Чи дасгалыг байнга хийснээр илүү их эрч хүчтэй, мөн байнгын аз жаргалтай байж чадна. Энэ бүгдийг би биеэрээ мэдэрсэн учраас эрүүл чийрэг харагддаг байх. Үнэндээ би 50 настай. Гэхдээ би өдий наслахдаа мастер ангилалд оролцож байгаагүй. Би 20, 30, 40-тэй залуустай адилхан л өрсөлддөг. Магадгүй тэр залуучууд намайг хурцалж байсан болохоор би бууж өгөөгүй байх.инээв Мөн хүн залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй байхын нэг зүйл бол зөв хоололт.
Дасгал бол хамгийн чухал. Үнэндээ би 50 настай. Гэхдээ би өдий наслахдаа мастер ангилалд оролцож байгаагүй. Би 20, 30, 40-тэй залуустай адилхан л өрсөлддөг. Магадгүй тэр залуучууд намайг хурцалж байсан болохоор би бууж өгөөгүй байх. Мөн хүн залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй байхын нэг зүйл бол зөв хоололт.
–Таны хувьд хамгийн дурсамжтай дэлхийн аваргын тэмцээн хэзээ байсан бэ?
-2008 оны дэлхийн аварга юм байна. Тэр жилийн тэмцээн АНУ-д болж байсан. Хэдийгээр 6 цаг нисээд очсон ч гэлээ их сайхан дурсамжийг үлдээсэн. Тэмцээнээс гадна томоохон үзэсгэлэн болдог. Дэлхийн шилдэг олон тамирчид ирсэн. Ер нь их дурсамж дүүрэн өнгөрч байсан. Эхнэр, бид хоёр мөнгөн медальтай буцсан. Их сайхан дурсамжтай тэр тэмцээнийг одоо ч бид мартаж чаддаггүй юм.
–Дахин дэлхийн аваргын тэмцээнд оролцох бодол байгаа юу? Гэхдээ таны хувьд мастер ангилалд өрсөлдөөгүй байгаа шүү дээ?
-Үнэндээ хийх зүйл их байгаа. Тиймээс би энэ жилийн дэлхийн аваргыг өнжсөн. Би цагдаагийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагч. Хэсэг хугацаанд амжуулах ажлууд байсан учраас тамирчны хувиар бэлтгэлийг хийхгүй байгаа.
– Монголын бодибилдингийн тамирчдыг хэрхэн үнэлэх вэ?
-Жил бүрийн тив, дэлхийн аваргын тэмцээн өөр өөр оронд болдог. Спортоор хичээллэсэний нэг давуу тал нь аялагч болж чаддаг. Олон орны тамирчидтай тэмцээнд оролцож байх үед монголчууд гэж ялгаж харах нь маш ховор. Ер нь тухайн үед хувь хүн өөрийгөө л тэмцээндээ бэлтгэнэ. Түүнээс биш төдийлөн сайн биечлэн уулзсан тохиолдол байдаггүй. Зарим үед мэндлээд л өнгөрөх үе байна. Ер нь тамирчид тэмцээнд оролцож байх үедээ тэр бүр илүү зүйлд анхаарлаа бага хандуулна шүү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголын тамирчдын амжилт сайжирч байгаа. Мөн тухайн биеийн хөгжил сайн байлаа ч тэмцээн дээр хэрхэн илэрхийлэх вэ гэдэг бол бас нэг чадвар. Тэр бүгдийг аль алийг нь зохицуулж байж өөрийгөө шүүгчдэд үнэлүүлнэ.
–Таны гэр бүлийн хүн таньд ихээхэн дэмжлэг болдог гэсэн. Хүүхдүүдээ спортын хүн болгоё гэж боддог уу?
-Үнэндээ энэ дашрамд эхнэртээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэр хүн миний дэргэд байнга байдаг. Намайг тэмцээн уралдаанд орох бүрийд дэргэд байж маш их том дэмжлэгийг өгч чаддаг. Тийм болохоор би ханиараа бахархаж явдаг. Бид таван сайхан хүүхэдтэй. Тэдний заримыг нь ажиглаад байхад спорт, бүжиг сонирхсон хөдөлгөөнтэй харагддаг. Хүүхэд бол хүүхдээр байг. Тэднийг заавал чи энэ спортыг сонирхох хэрэгтэй гэж хэлдэггүй. Аль дуртайгаараа явах хэрэгтэй гэж боддог. Харин тэд том болоод би яг энэ спортоор л явах юм байна гэдгээ мэдэрсэн үед өөрөө тэр спортоо сонгоно шүү дээ. Тиймээс би “аав нь бодибилдингийн дэлхийн аварга” гээд чи заавал энэ спортыг сонгох хэрэгтэй гэж хэлдэггүй. Энэ бол хүүхдийн л сонголт. Аяндаа тэд өөрсдөө л дуртай спортоо сонгох байх. Бид хоёрын зүгээс нарийвчлан хэлж өгдөггүй.
–Удахгүй Бразилд зуны олимпийн наадам болох гэж байна. Мэдээж энэ удаа Малайзийн баг тамирчид олимпийн аваргатай болохыг хүсэж байгаа байх?
-Тиймээ олимпийн наадам удахгүй боллоо. Малайзиас олимпийн алтан медальтан төрөөгүй байгаа. Бидний энэ хүсэл удахгүй биелэх байх. Бас Монголын баг тамирчдад ч гэсэн амжилт хүсэж байна. Энэ дашрамд биднийг урьсан “Хар ирвэс” кулбын хамт олон талархаж байна. Монголд өнгөрүүлсэн долоо хоног сайхан байлаа.