Дадлагажигч япон хэлний мэдлэгтэй байх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Дадлагажигч япон хэлний мэдлэгтэй байх шаардлагатай

Монгол, Японы хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд манай улсаас Япон улс руу дадлагажигч илгээхээр болсон билээ. Одоогоор уг асуудлаар Хөдөлмөрийн яаман дээр байгуулсан ажлын хэсгийнхэн хэрхэн бүртгэх, бүртгэлийг яаж явуулах зэрэг асуудлуудын хүрээнд саналаа нэгтгэж байгаа гэлээ. Бүртгэлийг ирэх долоо хоногоос хийх мэдээлэл байна.

Тэгвэл урьдчилсан байдлаар Япон руу илгээх залууст дараах шаардлагыг тавьжээ.

  1. Эрүүл мэндийн хувьд тэнцэхүйц
  2. 18-39 насны
  3. Япон хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй буюу хэлний бэлтгэлд хамрагдсан байх шаардлагыг тавих юм байна.

Монгол залуусыг Японд Хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, эрүүл мэнд гэсэн дөрвөн салбарт мэргэшүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн залуусыг Япон Улсын 2020 оны олимпийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах юм байна. Гол зорилго нь монгол залуусаа цалинтай дадлагажуулахын зэрэгцээ Япон улсаас технологи импортлох ач холбогдолтой хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм. Улмаар шинэ технологи дээр ажиллах залуусыг одооноос Японд бэлтгэхээр төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, монгол залуусыг дадлагажуулж, бүтээн байгуулалтад ажиллуулах саналыг Японы талаас анх тавьжээ. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2015 оны гуравдугаар сард Монголын Хөдөлмөрийн яаманд “2020 онд Токио хотноо болох олимпын наадмын барилга байгууламжийн ажилд ажиллах хүч авах тухай” саналыг уламжилсан байсан. Уг бичигт “Японы барилгын салбарт манай улсаас ажиллах хүч авах, ялангуяа өмнө нь JITCO байгууллагын “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийг дахин хүлээн авах, мөн шинээр ур чадварын дадлагажигчдыг түлхүү илгээх” асуудалд хоёр тал хамтран ажиллах саналыг гаргаж байжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж