Ямар ч орны төр цэвэр байх нь ховор үзэгдэл боловч улстөрчид нь хуулиа зөрчсөн бол хоргодох зүйлгүйгээр албан тушаалаасаа огцорсоор иржээ. Энэ тухай тоймлон хүргэе.
2013 оны 12 дугаар сар: Хятадын хууль тогтоогчид
Нэг хотын 512 хууль тогтоогч нэг хэргээс болж нэгэн зэрэг суудлаасаа огцорсон явдал Хятадын өмнө зүгийн Хунан мужийн Хенян хотод болжээ. Тэдгээр 512 хууль тогтоогчид орон нутгийн их хурлын 56 гишүүдээс нийт 110 сая юань буюу 20 сая ам. доллартай тэнцэхүйц хэмжээний авилга авсан нь тогтоогдсон учир бүгд огцорчээ. Харин авилга авсан зорилго нь орон нутгийн их хурлын сонгуулийн үр дүнд өөрчлөлт оруулах байсан хэмээн “Шинхуа” агентлаг мэдээлжээ.
Хятадын удирдагч Си Жиньпин тус улсыг удирдаж эхэлсэн цагаасаа авилга, хээл хахуулын хэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэх нь эцсийн дүндээ Хятадын Коммунист намын тогтвортой байдлыг хангах гол үзүүлэлт болно хэмээн тайлбарлаж байна.
2015 оны дөрөвдүгээр сар: Өмнөд Солонгосын Ерөнхий Сайд
Томоохон барилгын компанийн гүйцэтгэх захирал асан, бизнесийн магнат гэгдэж байсан Сун Ван-Жон авилгын хэрэгт шалгагдаж байх үеэрээ амиа хорлосон явдал нь тухайн үед Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын албыг хашиж байсан И Ван Күүгийн улс төрийн замналд цэг тавьжээ.
Учир нь Сун Ван-Жоний халааснаас амиа хорлохынхоо өмнө гараар бичсэн зурвас олдсон бөгөөд тэрхүү зурвастаа хэд хэдэн хүний нэрийг дурдан, хийсэн хэргүүдээ илчилсэн байсны дотор Ерөнхий сайдын нэр ч багтсан байжээ. Тэрхүү зурваст Сун Ван-Жон нь ерөнхий сайд И Ван Күүг парламентын суудалд өрсөлдөж байх үед 30 сая вон буюу 27,000 ам. доллар төлснөө дурдсан байсан нь ерөнхий сайдыг хахууль авсан хэрэгт унагажээ.
Үүнээс долоо хоногийн дараа И Ван Күү нэр нь хугарсан засгийн газрынхаа төлөө хариуцлагаа өөрийн биеэр хүлээж, албан тушаалаасаа огцорчээ.
2016 оны нэгдүгээр сар: Японы эдийн засгийн яамны сайд
2016 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Японы Эдийн засгийн Сайд Акира Амари албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Ерөнхий Сайд Шинзо Абэгийн тун ойрын хамсаатнуудын нэг болох Акира Амари нь улс төрийн албан тушаалаа ашиглан хөлжсөн хэргийнхээ хариуцлагыг хүлээж дээрх шийдвэрийг гаргасан байдаг.
Түүний энэ үйлдэл нь Японы өдөр тутмын Шукан Буншун сонины газар Амари сайдыг 2013-2015 онуудын хооронд нэгэн барилгын компанитай холбоотой үл хөдлөх хөрөнгийн маргааныг шийдвэрлэж өгснийхөө хариуд өөрийн туслахуудын хамтаар дор хаяж 12 сая иен буюу 100,000 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө болон бусад үнэ бүхий эд зүйлсийг хээл хахуулийн шинжтэйгээр хүлээн авсан хэмээн буруутгаснаас үүдэлтэй байв.
Үүний хариуд холбогдох газруудын шалгалтын дүнгээр Сайд Амариг нийт дүнгээр 3,8 сая иентэй тэнцэх авилга авсныг баримтжуулсан бол сайдын өөрийн хийсэн мэдэгдэлд дурдахдаа барилгын компаниас ердөө 1 сая иен авснаа хүлээн зөвшөөрчээ.
Харин түүний нарийн бичгийн дарга нар тус барилгын компанийн зүгээс хэдийгээр бэлэн мөнгө биш боловч үнэ бүхий хүнсний зүйл болон уух зүйл тогтмол авдаг байсан нь илэрсэн тул ажлаасаа халагджээ.
Япон улсыг номхон далайн бүсийн 12 улс оронтой хийгдсэн худалдааны хэлэлцээрт гол үүрэгтэй ажилласан сайд Акира Амари нь улсынхаа гадаад худалдааны чиглэлийн яриа хэлэлцээр хийхдээ гаргууд мэргэшсэн улс төрийн боловсон хүчин гэдгээрээ үнэлэгдсэн нэгэн байсан боловч ашиг сонирхлоо урвуулан ашигласан хэрэгт унан, сайдын суудлаасаа саналаараа огцорч, Японы доод парламентын гишүүнээр ажиллахаар болсон байна.
Гэхдээ нөгөө талаас нь тайлбарлавал, түүний ийнхүү хариуцлагаа хүлээсэн явдлыг нь энэ зун болох ээлжит сонгуулийн үеэр Шинзо Абэгийн засгийн газрыг хөөдөхгүйн тулд эртхэн суудлаа тавьж өгч байна гэсэн тайлбарууд ч мөн бий.
2016 оны дөрөвдүгээр сар: Исландын Ерөнхий сайд
Өнгөрсөн сард дэлхий нийтийн нүд чихийг уяж чадсан “Панамын материалууд” бүрэн эхээрээ цацагдахаас сар гаруйн өмнө 11,5 сая гаруй баримтуудаасаа ердөө хэдхэнийг үнэрлүүлээд өнгөрсөн нь Исландын Ерөнхий Сайд Сигмундур Дэвид Ганнлагсоны улс төрийн карьерыг үгүй хийхэд хүргэсэн юм.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй байсан “Винтрис” нэртэй эхнэр Аннадаа нэг ам.доллараар худалдсан компани илэрсэн даруйд Исландын мянга, мянган иргэдийг эсэргүүцлийн жагсаалд уриалсан явдал болжээ.
Суудлаасаа огцрохгүй гэж нэлээд үзсэн Ерөнхий Сайд Сигмундур Дэвид Ганнлагсон эцсийн мөчид хариуцлага хүлээхээс өөр аргагүйгээ ойлгож, ашиг сонирхлын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрснөөр өндөрлөжээ.
Ердөө 330,00 гаруй хүн амтай, эдийн засгийн хямралаасаа наймхан жилийн өмнө гарсан тус улсын Ерөнхий Сайд хэлэхдээ “Би болон миний гэр бүлийн хүн огт хөрөнгөө нууж татвараас зугтах зорилготой байгаагүй” гэжээ.
2016 оны дөрөвдүгээр сар: Украйны ерөнхий сайд
Панамын баримтуудад Украйны ерөнхийлөгч Петро Порошенкогийн татвараас зайлсхийсэн оффшор компани багтахад энэ улсын улс төрийн үймээн нь Ерөнхий Сайд Арсений Яценюкийг зольжээ. Украйны хамгийн баян хүн, улсын тэргүүн нь олигархиудтай гар нийлэн олсон хөрөнгөө ийнхүү нуун дарагдуулсан нь илрэх үед энэ мэт улс төрийн бусармаг үйл ажиллагаанд хувьсгал хийхийг хүссэн ерөнхий сайдаа сольж орхижээ. Мэдээж түүнийг аргагүй байдалд оруулсан байж болох талтай.
Ямартай ч, А.Яценюк энэ тухай хийсэн мэдэгдэлдээ “Амаргүй шийдвэрийг гаргах хэд хэдэн шалтгаан байсан. Манай оронд байгаа улс төрийн самуурал бол бүгд зохиомлоор үүсгэсэн зүйлс. Нэг хүнийг нөгөөгөөр солих гэсэн оролдлого бусад улстөрчдийн нүдийг сохолж, жинхэнэ өөрчлөлтийг авчрах гэсэн хүсэл зоригийг мохоолоо” хэмээсэн юм.
Түүнийг огцорч байгаагаа мэдэгдэх үед парламентын нэгэн гишүүн нь түүнд хэрхэн ёс зүйгүй хандаж байсныг доорх бичлэгээс илхэн харж болно. Уг нь түүний оронд П.Порошенко байх ёстой биш бил үү?
2016 оны зургаадугаар сар: Токио хотын амбан захирагч
67 настай Токио хотын амбан захирагч Ёйчи Масузое хоёр хоногийн өмнө хийсэн мэдэгдэлдээ ирэх Мягмар гаригт буюу зургаадугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
2014 онд энэхүү албыг хүлээн авсан 13,5 сая хүн амтай Токио хотын захирагчийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусгавар болох учиртай байсан боловч ийнхүү цагаасаа өмнө суудлаа өгч байна.
Түүнийг тойрсон элдэв шүүмжлэлүүд нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн олны анхааралд өртөж эхэлжээ. Тэр нь амралтын өдрүүдээр албаны машинаа ашиглан Токио хотын өмнө зүгт байрлах зуслангийн байрандаа очдог хэмээн шүүмжлүүлснээс эхтэй аж. Энэ мэт хэл ам цааш улам газар авч, түүний гадаад орнуудад хийж буй томилолт болон гэр бүлийн аялал зугаалгын үргүй зардал, нэгдүгээр зэрэглэлийн нислэг, байрлах тансаг буудлууд амралтын газар зэрэгтээ улсын хөрөнгө зарцуулж байгаа талаар хүчтэй шүүмж эсэргүүцлүүд болон хувирчээ.
Тэрбээр ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал Ардчилсан Намын гишүүн тул ирж буй долоодугаар сарын 10-ны өдөр болох Японы дээд парламентын сонгууль хаяанд ирсэн энэ үеэр намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх тул огцорсон хэмээн дотоодын хэвлэлийн газрууд бичиж байна.