“Цонжин болдог”-ийн музейд метр хагасын урттай,эртний хүрэл илд байдаг. Үүнийг ченж нэртэй хуучны эд зүйлийн нэгэн наймаачин таван сая “ногоон”-оор Шанхайн музейд өгөлгүй эх орондоо ийн үлдээжээ. Даяаршил нэртэй соёлын дайны энэ цагт хийсэн бүтээснээрээ гайхуулж алдар нэр, алт мөнгө, албан тушаал горилолгүй, соёлын биет өв гэх ард түмнийхээ ур ухааныг харьд алдалгүй, авч үлдсэн энэ залуу бол өнөө цагийн баатар.
Нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч агшин хором тутамд ус агаар мэт хэрэглэдэг хэл гэдэг соёлын биет бус өв бидэнд бий. Хэл бол үндэстэн өөрийгөө баталгаажуулж буй амин эд, соёлын хамгийн том хэрэгсэл юм. Биет өвийг хил давуулалгүй музейд тавьж, түмэнд таниулбал сайн байхад биет бусыг нь хил давуулж, харийн орноор аялуулж сурталчлах тусмаа сайн гэнэ. Харин хил дотор байгаа хэлнийхээ үг, авиа гэдэг эд эсийг нь харийн хэлнээс хамгаалж, эвдэлж өөрчлөхгүй байх эрхэм үүрэг бидэнд бий.
Жишээ нь, “Орой хөлөөвт бүжиг болно гэнэ ээ!” гэж хөөрцөглөж, хөлсөө урстал бүжиглэж байгаа хөрслөг малчин залуу бол хэл гэх соёлын биет бус өвөө хамгаалсан энэ цагийн баатруудын нэг. Гадаад үгээр гангаралгүй, монголдоо буулгаж,эх хэлнийхээ эд эсийг хамгаалсан энэ мэт нэр нь үл мэдэгдэх баатрууд эртнээс байжээ. Жишээлбэл, 1930 онд хот, хөдөө, хорвоо ертөнцийн сонинг агаараар дамжуулдаг радио Монголд айлчлахдаа одоогийнх шиг байгаагүй гэнэ. Хачин сайн зохицсон том, жижиг араатай байсан болохоор тэр үеийнхэн “араа-жав” гэж нэрлэжээ…
Харийн юмыг хөрсөндөө тарьж, үрслүүлж ургуулаад үр шимийг нь хүртэхийн тусыг эх хэлнийхээ түүхээс харцгаая!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Өнөө цагийн нэр нь тодроогүй баатрууд” өгүүллийн хэсгээс