Санал өгсний дараа шилжилт хөдөлгөөнийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Санал өгсний дараа шилжилт хөдөлгөөнийг нээнэ

Сонгууль болоход 10 гаруй хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй 150 мянган иргэн санал өгөх боломжгүй болсон. Харин Монгол Улсын хэмжээнд санал өгөх насны 2 сая 4048 иргэн бий. Тиймээс сонгогчийн боловсролд зориулж цуврал хэлбэрээр мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа юм. Энэ удаагийн дугаарт сонгуулийн өмнө шилжилт хөдөлгөөн хийж болох эсэхийг тодотголоо.

Тухайн иргэн өөрийн харьяа засаг захиргааны нэгжээс өөр нэгжид шилжих буюу аймаг, хот хооронд шилжих хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 31-нд зогсоож, сонгуулийн дараах өдөр буюу зургаадугаар сарын 30-нд сэргээнэ. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт нь УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгуульд, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуульд хамаарна гэж Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан байна.

Сонгуульд ямар бичиг баримтаар санал өгөх вэ. Иргэний үнэмлэхний шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа юу? Алга болгосон бол яаж саналаа өгөх вэ?

УИХ-ын 2016 оны сонгуульд сонгогчид зөвхөн иргэний үнэмлэх, сонгогчийн үнэмлэхтэйгээ санал авах байранд очиж саналаа өгнө. Иргэний үнэмлэхний шилжилт хөдөлгөөнийг сонгууль дуустал түр зогсоосон. Хэрэв сонгогч таны иргэний үнэмлэх хугацаа нь дууссан эсвэл хаяж, үрэгдүүлсэн бол энэ долоо хоногт багтаж Улсын бүртгэл статистикийн газарт хандан үнэмлэхээ захиалаад сонгуулиас өмнө авахыг сануулж байна. 

Зөвхөн овог нэр бичигдэх бол ижил нэртэй хүмүүсийг яаж ялгах вэ?

Танай тойрогт ижил нэртэй нэр дэвшигчид байж болох юм. Ийм тохиолдол ердөө 2-3 тойрогт байгаа. Ижил нэртэй нэр дэвшигчид нь өөр өөр нам, эвслээс нэр дэвшсэн байгаа. Саналын хуудсан дээр нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр бичигдэх тул ялгах боломжтой. Мөн тэдний талаарх мэдээллийг сонгуулийнх нь сурталчилгаанаас мэдэж авч болох юм.

Сонгуулийг зөрчилгүй явагдаж байна гэдгийг яаж хянах вэ?

Сонгуулийн санал хураалт, санал тоолох ажиллагааг ямарваа нэгэн зөрчилгүй хуулийн дагуу явагдаж буй эсэхэд сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн болон бие даагчийн төлөөлөл болсон ажиглагчид хяналт тавина.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж