Сонгуулийн өмнөх эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2016.06.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өмнөх эдийн засаг

Парламентын ээлжит сонгууль болж, монголчууд бүхэлдээ улс төрөөр амьсгалж байна. Сонгуулийн өмнөх эдийн засаг дээр улс төрийн тоглолт хийж байгаа намууд сонгуулийн дараах эдийн засгаа бодохтойгоо манатай л байх шиг.

Намууд бүгдээрээ улс орноо гэрлийн хурдаар хөгжүүлж, эдийн засгийн хямралаас гаргахаа амлаж байна. Гэхдээ яаж вэ?  Ямар нэгэн бодитой бодлого байна уу?

Сонгуулийн өмнөх сард улсын төсөв 800 гаруй тэрбум төгрөгөөр тасрав. Дэлхийн тэр тусмаа Хятадын эдийн засгийн уналтаас болж, Монголын эрдэс баялгаас орж ирдэг мөнгө багасжээ. Олон улсын шинжээчдийн хэлж байгаагаар цаашдаа Хятадын эдийн засгийн саармагжилт үргэлжилж, дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байна.

Сонгууль бол улс төрийн тэмцээн. Болдгоороо болоод л өнгөрнө. Харин дараа нь хямралын хамгийн хүнд өдрүүд эхэлнэ. Иймээс сонгуулийн өмнөх эдийн засгийг энэ удаад тоймлон хүргэе.

Зургаадугаар сар гарсаар долларын ханш бага зэрэг буурч байна. Өнгөрсөн гуравдугаар сард долларын ханш оргил үедээ хүрч 2050 төгрөгтэй тэнцсэн бол өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1965 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сараас долларын ханш 90 орчим төгрөгөөр буурсан гэсэн үг.  Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн урсгал наашаа чиглэсэн ч одоогоор эдийн засагт бодитойгоор мэдрэгдсэн зүйл алга. Гэхдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөснөөрөө эдийн засагт том дэмжлэг болно гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа.

Сонгуулийн өмнөх сард улсын төсөв 800 гаруй тэрбум төгрөгөөр тасрав. Дэлхийн тэр тусмаа Хятадын эдийн засгийн уналтаас болж, Монголын эрдэс баялгаас орж ирдэг мөнгө багасжээ. Олон улсын шинжээчдийн хэлж байгаагаар цаашдаа Хятадын эдийн засгийн саармагжилт үргэлжилж, дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байна.  Энэ тохиолдолд төсвийн зардлаа хэмнэхийг Дэлхийн банкнаас удаа дараа сануулсаар. Монголын эдийн засгийн 60 хувь бараг Хятадаас хамааралтай гэж хэлж болно. Монголын гадаад худалдааны 62.7 хувийг Хятад улс эзэлж байна. Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний таван сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар буюу 94.7 сая ам.доллараар буурсан байна. Импорт мөн л 275 сая доллараар буурчээ. Энэ бол Монголын эдийн засаг сайнгүй байгаагийн шинж. Түүнээс монголчууд бүх зүйлээ дотооддоо хийгээд импорт буурчихсан юм биш л дээ.  Импортын барааг худалдан авах чадвар суларсны илрэл.

Сонгуулийн өмнө хөрөнгө оруулалт тэг зогсолт хийв. Учир нь сонгуулийн үр дүнг хүлээсэн хөрөнгө оруулагчид Монголын улс төрд л илүү анхаарал хандуулж байх шиг. Эдийн засгийн аливаа шийдвэр улс төрөөс бүрэн хамааралтай болохоор арга ч үгүй биз.

Гэтэл  сонгуулийн өмнөх эдийн засаг чухал биш юм шиг бүгдээрээ аяглаж байна. Сонгуулийн дараа энэ бүх тоонууд, макро, микро төвшин дэх Монголын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөхийг харах л үлдэж байна.

Хэдийгээр намууд, улс төрчид хэдэн тийшээ харж, бие биенээ хэмлэсэн энэ өдрүүд хугацаатай. Шатар дуусахад ноён, хүү хоёр нэг хайрцагт орохоос хойш улс төрийн хэт их халууралдаа эдийн засгаа хөлдөө чирэх вий гэсэн болгоомжлол энэ өдрүүдээс харагдаж байгааг хэлэх хэрэгтэй болов уу?

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж