Орландогийн гей клубт буудалцаан гарснаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтонтой нэр хүндээрээ бараг зэрэгцээд иржээ. Энэ тухай “Ipsos” олон нийтийн санал асуулгын үр дүн харуулж байна.
Социологичдын тэмдэглэснээр Трампын рейтинг сүүлийн сарын турш Клинтоноос нэлээд доогуур байсан юм. Харин зургаадугаар сарын 12-нд Орландод буудалцаан болмогц тэрбумтан, экс Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр хүндийн зөрүү 14.3 хувь болжээ. Өдгөө Трампын төлөө асуулгад оролцогчдын 32.3 хувь нь санал өгнө гэж байгаа бол Клинтоныг 46.6 хувь нь дэмжиж байна. Харин 21.1 хувь нь тодорхой хариу хэлээгүй аж.
Үүнээс гадна Орландогийн буудалцаанаас болж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулсан төдийгүй өрсөлдөгчид ч үг хэлэндээ анхаарахад хүрчээ. Тухайлбал, өмнө нь цөөнхүүдэд найдлага тавьж байсан Хиллари Клинтон лалынхантай үр дүнтэй ажиллагаа явуулахаа амлаж эхлэв. Дональд Трампын хувьд аймшигт алан хядах ажиллагааны дараа дахиад л лалынханд хилээ хаахыг шаардаж эхэлсэн байна.
Тэрбээр “Манай цагаачлалын систем зөв ажиллаж, иргэдээ хамгаалж чаддаггүй. Хүмүүс манай улсад орж ирсээр байдаг. Харин бид тэднийг хэн болохыг мэддэггүй” гэжээ. Түүнчлэн Орландод болсон алан хядах ажиллагааны талаар Трамп “Ийм том хоморголон устгах ажиллагаа болсон цорын ганц шалтгаан бол алан хядагчийн гэр бүлийг анхнаасаа АНУ-д орж ирэхийг хүлээн зөвшөөрсөн явдал” хэмээжээ.
Хилээ хааж, улс төрийн эелдэг байдлаа зогсооно
Трамп АНУ, Европ, Америкийн холбоотнуудын эсрэг “терроризмын нотлогдсон түүх”-тэй улсуудаас ирсэн лалын шашинтнуудад хилээ хаахыг шаарджээ. Тэрбумтны хэлснээр найдвартай, төгс шалгалт явуулдаг болсон цагт энэхүү хоригийг цуцалж болох гэнэ.
Орландогийн эмгэнэлт явдал нь Трампад Ерөнхийлөгч Барак Обама, ардчилагчдаас нэр дэвших магадлалтай, экс Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын явуулсан, одоо явуулж буй гадаад бодлогыг шүүмжлэх бас нэг шалтаг болсон аж. Ливид цэрэг оруулсан, Сирийн засгийг унагах гэсэн оролдлого бүр нь Ойрхи Дорнодод бүхэлд нь тогтворгүй байдал бий болгосон гэж Трамп дүгнэжээ.
Үүнээс гадна Обама, Клинтон нарын сул дорой, шийдэмгий бус зангаас болж америкчуудын амь амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэжээ. Трамп “Радикал лалынхан манай эрэгт ойртон ирсэн тухай бид үнэнийг хэлэх ёстой. Гэтэл тэд үнэн мөн, таны аюулгүй байдлаас илүүтэй улс төрийн эелдэг байдлаа дээгүүрт тавьж байна. Харин би эелдэг байхаас татгалзана” гэжээ.
Үндэстнүүдтэй нягт хамтран ажиллана
Хиллари Клинтоны хувьд Орландо хотод болсон шиг үйл явдал дахин давтагдахаас сэргийлж, ийм эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй гэнэ. Тэрбээр “Есдүгээр сарын 11-нээс эхлэн хууль сахиулах байгууллагынхан аюултай, радикал үйл ажиллагаа явуулж болзошгүй. Америкийн мусульман нийгэмлэгийнхэнтэй харилцаа холбоо тогтоох гэж маш их ажилласан. Үр дүнд нь эдгээр нийгэмлэгтэй хэлхээ холбоо тогтоосон бөгөөд тэдэнд бурууг тохож, тусгаарлаагүй” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна Клинтон галт зэвсгийн хяналтад нэмэлт арга хэмжээ авахыг уриалсан байна. Нэмж тэмдэглэхэд түүний өрсөлдөгч Трампын хувьд бүгд найрамдахчуудынхаа эрх ашигт нийцүүлэн галт зэвсгийг чөлөөтэй худалдах эрхийг хамгаалсаар байгаа юм. Тэрбумтан эр өнгөрсөн онд Обамагийн санаачилсан автомат зэвсгийн худалдааг хязгаарлах асуудлыг эрс шүүмжилж байсан билээ.
Өчүүхэн партизан шиг
Бүгд найрамдахчуудын элитүүд Дональд Трампын энэхүү үйлдлийг ч шүүмжилцгээж байна. Олон улсын харилцааны зөвлөлийн эрдэм шинжилгээний ажилтан, сенатор “шонхор” Жон Маккейны 2008 оны сонгуулийн зөвлөх Макс Бут л гэхэд “Орландогийн аймшигт хэргийн дараа бүгд найрамдахчууд терроризмтэй тэмцэх үйл хэрэгт нэгдэж эхэлсэн. Энэ нь Трампад тус болсон ч Трамп өөрөө яг л “өчүүхэн партизан” шиг зан гаргасан” гэжээ. Обамагийн радикал мусульманчуудад харамсаж байгаа тухай түүний шүүмжлэл ч аймшигтай байсан. Үүнээс гадна Трамп бүгд олон улсын худалдааны гэрээг тамтаглаж хийнэ гэж тангараглан, НАТО, Азийн холбоотнуудын харилцаа аюулгүй гэдэгт эргэлзэж байгаа зэрэг этгээд мэдэгдлүүдээрээ бүгд найрамдахчуудаа айлгаж орхижээ.
Бушийн засаг захиргааны үед Төрийн департаментад өндөр албан тушаал хашиж байсан Элиот Коэн Орландогийн үйл явдалтай холбогдуулан Трампын хэлсэн үгийг “гүн гүнзгий биш, америкчуудын Ерөнхийлөгчөөсөө хүлээх үг биш” гэж шүүмжилжээ.
Америкчууд санал хуваагдаж байна
Гэхдээ “Reuters” агентлагийн авсан мэдээллээс үзэхэд ихэнх сонгогчид АНУ-ын дараачийн Ерөнхийлөгчөөс ийм л алхмыг хүлээж байна. Бүгд найрамдах нам дотроо Трампын нэр хүнд эрс өссөн нь цагаачлал, дүрвэгсдийн бодлоготой нь зарим талаараа холбоотой.
Парист алан хядах ажиллагаа болсны дараа мусульманчуудыг хил давуулахгүй гэж хэлсэн Трампын нэр хүнд хэдхэн долоо хоногийн дотор өссөн. Энэ явдлаас хойш тэрбээр намынхаа өрсөлдөгчдөөс илт цойлж гарч ирсэн билээ.
Зургаадугаар сард Бүгд найрамдах намын сонгогчдын 2/3 нь Трамптай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийдөө тус улсад энэ асуудлаар санал бодол яг тэнцүү хуваагджээ. Тавдугаар сарын 17-ноос зургаадугаар сарын 6-нд явуулсан социологийн санал асуулгаар америкчуудын 42 хувь нь мусульманчуудыг хилээр орж ирэхийг хориглохыг дэмжсэн бол 50 хувь нь эсэргүүцэж, найман хувь нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Гэхдээ энэхүү судалгааг АНУ-ын түүхэн дэх хамгийн олноор нь буудаж устгасан жигшүүрт хэргээс өмнө авсан гэдгийг санах хэрэгтэй. Харин одоо америкчуудын санал бодол өөрчлөгдсөн болов уу. Үнэхээр ч Орландогийн эмгэнэлт хэрэг Трампын хувьд ашигтайгаар эргэжээ. “Исламын улс бүлэглэлд үнэнчээр зүтгэхээ тангарагласан Флоридагийн лалын шашинт алуурчин яг л Францын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Марин Ле Пен шиг Трампыг Цагаан ордон руу бараг хөтлөөд оруулчихлаа” гэж “The New Yor Times” сонинд тэмдэглэжээ.
Эх сурвалж: POLITIK.MN