Т.Энхсайхан: Би чадах зүйлээ амлана

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

Т.Энхсайхан: Би чадах зүйлээ амлана

Өнжүүл, Бүрэнгийн нутгийг хаад болзсон нутаг. Тэгэхээр төгс дээд зохионгуй, адис жанлавыг энэ нутаг маань шингээсэн нь дамжиггүй хэмээн Бавуугийн Лхагвасүрэн найрагч нэгэнтээ уяралтай болоод яруухнаар өгүүлсэн нь бий. Тийм ээ, нээрээ ч, Өнжүүл, Бүрэнгийн ухаа толгод, ер Төв сайхан аймгийн хээр тал, хангай, говь, халхын ханагар нутгийн дээж нь билээ. Энэ л сайхан нутгийн хүн ард, нийгэм төрийнхөө төлөө зүтгэхээр зориг итгэл шуудран УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт АН-аас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхантай ярилцлаа.

 

-Сайн байна уу, сайхан зусч байна уу? Та нэгэнт том итгэл өвөрлөн Төв нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохоор өрсөлдөж байна. Удмын түүх, ус нутгийн нь эхлэл гарвалаас хүний түүхийн эхийг эрдэг. Та энэ асуултад маань эхлээд хариулна уу?

-Сайхаан, сайхан зусч байна уу. Миний аавын нутаг ус, аавын талынхны маань унаган тоонот, нутаг ус бол хуучнаар Түшээт Хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, эдүгээн Зоргол хайрханы бэл дэвсэг, дэнж хөтөл, Баянбараат, Баянгийн уул, Шархай, Шарангийн хөндийн тал юм. Аавын талын миний өвөг дээдсүүд надаас өмнө 4-5 үеэсээ Хүрээ хот бараадан, амьдрал ахуйгаа тохинуулсан улс. Харин ээжийн минь нутаг бол Төв аймгийн Авдарбаянгийнхан, Сэргэлэнчүүд юм. Авдарбаян, Сэргэлэнгийн нутаг миний ижийнхний долоон үеэрээ дамжин нутаглаж, хишиг буяныг нь хүртэж ирсэн ус нутаг, уул хангай юм. Тэгэхээр миний оюун санаа, амьдрал тэмцлийн тухай ойлголтууд, ертөнц хорвоог ухаарч таних билиг билгүүний алсын дээд өгөгдлүүд энэ нутаг ус, түүний энгэр бэлд амьдарсан ижий ааваас минь үүдэлтэй гэж бодож явдаг.

-Боржигоны бор талын улсаа гэдэг чинь танайхан байх нь ээ, аргагүй. Онцгой сайхан нутаг л даа. Та өөрөө яг хаана төрсөн юм бэ?

-Боржигоны бор тал гэдэг тэр гайхамшигт шүлгээс үүдэлтэйнх нь мэдээж, бас ерөөс энэ бор талын хүний сэтгэлийг амиржуулан баясгагч , тайтгаруулан тарнидагч шинж ч биз, нэг тийм онцгой намуун сайхан төлөв боржигоны бор тал гэдэг үгэнд хадгалагддаг шүү. Миний аав бол урлагийн хүн, энэ л талаар бригад хэсэн урлагийн тоглолт хийж, ижий минь гэр орон үүр хүүхдээ сахин өсгөж, бас ажиллаж хөдөлмөрлөж явсан хүн. Би 1977 онд төрсөн юм. Аав ээж нь залуу, амьдрал тэмцэл их үеийн хүүхдүүд эмээ өвөөгийн хүүхэд болж өсч торнин, тэдэндээ ээнэгшин амьдардаг тийм нэг зүй тогтол байдгийн нэг адилаар би эмээгийн хүүхэд болон өсч торниж, өдий зэрэгт хүрсэн дээ.

-Энэ бол үнэхээр нүүдлийн иргэншлийн гэмээр, бас ганцхан монголлог ч гэмээр онцлогтой амьдралын харилцаа санагддаг. Эмээ, өвөөгийн хүүхэд болон өссөн хүүхэд эрт багаас хэрсүүжиж, алс хэтдээ амьдрал зам мөр нь тэгш, хөдөлбөргүй хандлагатай болдгийг манай ард түмэн мэднэ дээ…

-Тийм ээ. Та их сайхан хэллээ. Миний амьдралын түүх бол ерөөсөө л эмээ бид хоёрын амьдралын түүх юм.  Өнгөрөгч бүхий л он цагт  эмээгийн сэтгэлд, дэргэд би, миний зүрх сэтгэлд эмээ минь л байж ирлээ. Эмээ охин хоёр болон төрсөн хувь заяат цагаасаа, намайг хүн болж төрснөөс хойш дөчин шахам жил хамт байж, эмээ минь, охин минь гэсэн итгэл, халамж, хайр, ашдын заяагаараа амьдарч, эмээ маань зуу насыг зооглож, эдүгээ охин нь ухаан бодол тэгширч , төр улсаа төвшитгөх насан дээрээ ирлээ. Миний эмээ намайг буй болгосон, буй болгосоор яваа юм. Эмээгийн маань амьдралын ухаан, хат тэвчээр, хайр хүндэтгэл, чинад хатуу зорилго нь намайг энэ зэрэгт хүргэсэн.  Эмээ намайг хүүхэд байхад, хичээлээс ороод ирэхээр оймсыг минь тайлж, өвөртөө хийж дулаацуулж өмсгөдөг байлаа. Том болоод өвөрт нь багтахаа байхаар орны хөл рүү харуулж, хөлийг маань өөр рүүгээ жийлгэн унтуулдаг байлаа. Тэгэхдээ хөлийг минь майга болчих вий дээ гэсэндээ хоёр тийш нь чиг барьж тэвэрч хонодог байсныг нь санахаар хүн үр хүүхдээ хайрлаж болохын хамгийн дээдийг ухаарч, ач энэрэлийг нь чадахаараа хариулахсан гэж зүтгэдэг. Эмээ угийн сийрэг мэргэн хүн. Улс төрийн маш нарийн мэдрэмжтэй, залуугаасаа сонин сэтгүүлд юм бичдэг, идэвхтэн бичигч хүн. Нэг үгээр хэлбэл нийгмийн өндөр идэвхтэй хүн учраас энэ нь надад багаас нөлөөлсөн гэж боддог.Эмээ ээж нар минь ардчиллын салхийг анхлан тосож, үйлсэд нь оролцож, сүү өргөсөн хүмүүс дээ.

-Танайх хэдүүл вэ? Эмээгийн охин Хөгжим бүжгийн дунд сургууль дүүргэснийг анзаарсан. Тэндээс эхлээд төгссөн сургуулиуд тань бахархмаар санагдсан шүү.

-Би эхээс тавуулаа. Ээж маань ардчиллын партизан Ш.Эрдэнэсүрэн гэж хүн бий. Тухайн үеийн ардчиллын салхи салхилах үед Талх чихрийн комбинатад чихрийн үйлдвэрийн мастер хийдэг. Харин аав минь урлагийн хүн учраас байнга л хөдөө орон нутаг, бригадаар тоглолтоор явж, гэрийн бараа хардаггүй байсан учраас ээж ганцаараа шахуу цаг наргүй хөдөлмөрлөнө. Хөгжим бүжгийн сургууль төгссөн. Аав урлагийн хүн, дээр нь эмээгийн маань сэтгэлгээтэй, урлаг гоо зүйн мэдрэмжтэй хүн болоосой гэсэн эрмэлзлэлээс үүдэлтэй юм. Надад хөгжмийн, урлагийн тийм ч чамлахааргүй мэдлэг, авьяас бий. Гэхдээ, миний дотоод сэтгэлд анхнаасаа л гадаадад өндөр боловсрол эзэмших ёстой гэсэн ухамсарлал байсан. Дэлхийн боловсролтой болно, дэлхийн хүн болно гэсэн итгэл үнэмшил байгаад байсан. Энэ итгэл үнэмшил маань ч биежиж, гадаадын сургуулиудад элсэн орох судалгаа, бэлтгэлийг төлөвлөн шат дараатайгаар хийж эхэлсэн. Хажуугаар нь найзтайгаа “Волкано” компаниа гадаадад найзтайгаа үүсгэн байгуулж  бизнест суралцаж, цаг наргүй хөдөлмөрлөж байлаа. Миний сонголтод, Америк, Японы нэр хүндтэй сургуульд суралцах сонирхол онцгой давамгайлсан. Мэдээж, үүний тулд англи хэлний өндөр мэдлэгтэй байх шалгуур тавигддаг болохоор эргэлзэлгүй Сингапурыг зорьж, тэнд англи хэлний өндөржүүлсэн сургалтад хамрагдан, их сургуулийн хэлний бэлтгэлийг дүүргэсэн. Тэр үед Японы Засгийн газраас бүх зардлыг нь төлж, сар бүр степэнт олгодог оюутны хөтөлбөрт орон даяарын хүүхдүүд өрсөлдөж, 3-4-хөн хүүхэд л Японд явдаг байсан. Энэ амаргүй, гэхдээ бахархалт өрсөлдөөнд хоёр жилийн турш бэлдэж, бас компаниа урагшлуулж мөнгө олохын зэрэгцээ өдөр шөнөгүй шалгалтад бэлдсэн дээ. Эрмэлзлэл төгс, хичээнгүй байгаа хүний хүсэл угаас заавал үр дүнд хүрдэг, бас түүнийг нь шагнан талархдаг хорвоогийн бэлэг гэж бий л дээ. Ингээд шаргуу бэлтгэсний эцэст Япон явсан.

-Сайхан сонголт. Японыг би хувьдаа эмх цэгц, сахилга бат нь хөгжлөө авч явдаг нийгэм гэж хардаг. Гудамжинд яваа хүмүүс нь ч зөвхөн хийх ажлаа бодож явна уу гэлтэй зөвхөн явах замаа л ширтэж явдгийг анзаарсан…

-Энэ бүхнийг би мэднээ. Японд явахаа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, Азийн улс, өндөр хөгжилтэй гүрэн, элэг ойрхон юм гэсэн  давуу талуудыг харгалзан би гэдэг хүн ингэж анх Японд эрдмийн зараалаар очлоо.  Эхний очсон хоёр жилдээ япон хэл ханз сурангаа, энэ улсын уламжлал, онцлог, Азийн түүх соёл, буддын гүн ухаан, хөгжлийн нь замнал, тэмцэл,  бахархал сургамж энэ бүхнийг маш олон талаар уйгагүй судалсан. Японыг нилээд гүн гүнзгий ойлгосон, таны асуултдаа дурдсанчлан тэр өндөр түвшний соёлын нь нарийн ширийнийг гүнзгийрүүлж ойлгосон. Ингэж Японы эзэн хааны биечлэн байгуулсан анхных нь их сургууль болох Мэйжигийн их сургуулийн Санхүү эдийн засгийн ангид элсэн орсон юм. Энэ нь надад хувь хүний хувьд ч, монголын нэг иргэний хувиар бодсон ч бахархалтай явдал байлаа. Энэ сургууль 1864 онд байгуулагдсан, Японы улс төр нийгмийн өндөр зүтгэлтнүүд, парламентчид, бизнесмэнүүд, алдартнуудыг төрүүлэн гаргасан, Японы нэр төр, уламжлал, хөгжил, бахархлын үндэс болсон сургууль л даа. Энэ сургуулиас, эрдэмтэн багш нараас оюуныхаа ай савын аль дээд багтаамжаар утган авахыг хүсч зүтгэж сурсан юм.

-Таныг Японд ийнхүү сурах бололцоог өөртөө бий болгон одоход ард тань эмээ тань үлдсэн, Монгол тань үлдсэн. Та тэнд очоод ямар итгэл үнэмшил, зам мөрийг туулсан бэ?

-Сайхан асуулт байна. Хүний нутагт сурахаар очиж байгаа хэнд ч энэ бол хамгийн чухал асуулт. Нэг үгээр хэлбэл би юуны тулд ирж, юуны тулд сурч, юунд хүрэх, юуг бүтээх вэ гэдгийг хариуцлагатайгаар өөртөө тавьсан. Тэгэхэд Монголд зах зээлийн хямрал гаарсан үе байсан. Хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө үгүй. Айлууд хоногийнхоо гурил будааг арайхийн залгуулж байлаа. Ийм амаргүй үед Японы зорьсон надад хэд хэдэн чухал хариуцлага ноогдож байлаа. Юуны өмнө хэдийгээр би өөрөө чадлаараа бэлтгэж төлөвлөсөн ч, надад бүхий л талаар туслан илгээж байгаа ах дүү, хайртай эмээ,намайг сурахаар явлаа, бид ч явна даа гэж мөрөөдөх дүү нарын халуун итгэл, найз нөхдийнхөө найдварыг хөсөрдүүлж болохгүйн чухал хариуцлага. Энийг томоор нь, жаахан утгыг нь гүнзгийрүүлээд үзвэл хэрэг дээрээ эх орныхоо өмнө чи хэн болж ирэх вэ гэсэн л хариуцлага байсан юм.

-Үнэндээ л тийм дээ. Ингэж ч бодож шамдсаны хүчинд өнөөдрийн үр дүнд хүрсэн биз дээ?

-Тэр их итгэл найдвар, араас нүдээрээ, хандлагаараа зүрх сэтгэлээрээ үдэж байгаа олон хүнийг бодохоор үнэхээр өөрийгөө дайчлах их хүч урам зоригийн гал дүрэлзсэн. Хэдийгээр харийн нутагт сурч байгаа ч, өдөр үл алгасан, гар хамхилгүй олсон мөнгөө аав ээж, ах дүү нар руугаа Монгол руу явуулдаг байсаан. Яагаад гэвэл би тэр үеийнхээ  Монголын амаргүйг мэдэхийн дээдээр мэдэх, эрхбиш оюутан ч тэр нийгмийн сайн сайхнаас хүртээд яваагийн учир гэр орныхондоо, ах дүү нартаа илүүчлэн туслах хүсэл нэг хором унтарч байгаагүй. Гэрийнхнийхээ сард зарцуулах зардлыг тооны машинд хийж бодож төсөвлөдөг байлаа. Энэ бол бас л миний эмээгийн надад бий болгосон сайн дадал, ухаан. Олонтойгоо бай, ах дүүдээ тусал, хүнд тусал, өгье гэвэл ганцаасаа гэсэн сургаал номлолоор өсгөсний үр.  Үнэндээ ч тийм л дээ. Олуулаа байх, олонтойгоо байх, тэгээд олсоноо, олдсоноо тэгшхэн хувааж хүртэх энэ бүхэнд тэгш нуруутай амьдралын утга учир оршдог л доо.

-Цаг хугацааг та мэдэхээргүй сурч ажиллаж байж. Гэр орноо санаж л байсан биз?

-Санана аа. Арагш байнга санаа зовно. Эмээгээ их санана, өдөр бүр бодогдоно. Эмээ минь миний амралтын өдрийг хуруу даран хүлээж, хоног тоолдог байсан даа, хөөрхий минь. Заримдаа сэтгэл гундах, тэнцвэргүйдэх үе гарна. Тэр бүрт би эх оронтой хүн, хүлээх ах дүү, ард олонтой хүн гэж өөрийгөө зоригжуулж, тэвчээр заадаг байсан. Би Японд долоон жил сурахдаа ар гэрийнхнээ, өөртөө даасан ачаандаа эзэн байхын тулд амаргүй сонголтдоо олон тулгарч байсан. Хүйтэн мөсөн дунд гуяа хүрсэн урт хаймран гутал өмсч, резинэн бээлий, хулдаасан хормогчтой яс янгинаж, чөмөг царцаасан царцуу, муухай үнэртэй загасны үйлдвэрт ажиллаж байлаа. Жаахан ч охин байж, хүний нүд хариулж жаахан уйлчихаад, сэтгэлээ онгойлгоод л ажлаа хийдэг байсан.  Анх очсоны дараа л даа. Хэл усгүй гээд аргагүй тийм сонголтод орж байгаа юм. Ингэхдээ л хэлээ сайн сурахын чухлыг мэдэрч, эрдэм мэдлэг хүнийг ямар зүйлд хөтөлдгийг ухаарч, зугуухнаар хэлээ сайжруулан, мөн хэрээр ажиллах орчноо өөрчилсөн. Загасны үйлдвэрт үргэлж л зогсоогоороо олон цаг ажилладаг болохоор огцом жин хаяж сургуулийн амралтаар буцаж ирэхэд манайхан таниж ядаж байлаа. Найз нөхөд, хамаатан садангийнхан намайг өлсч, цангаж, ер нь янз янзаар ойлгосон л доо. Хэдийгээр тэдэнд тийм ойлголт төрөхөөр байсан ч, миний дотор бол оргилоо олж харсан шинэ мөрөөдөл, аз жаргал, зориг тэмүүлэл асч байсан юм.

-Биеэр үзэж, амжилт дөтлөөд, өөрийгөө ялсандаа урамшиж байгаа сайхан цаг л даа. Үнэндээ тийм байсаныг чинь төсөөлж байна…

-Үнэхээр тийм. Амаргүйг давж, амрыг бүтээхийн солбицолд шинэ зам, шинэ итгэл өөрт бүрэлдэж урам зоригтой урагшилж байсан, урагшилсаар байсан. Сургуулиа төгсөх жилүүддээ анхны хүүхдээ төрүүлж нэгэн аз жаргалыг бий болгоод, дээр нь  санхүү эдийн засгийн боломжийн мэдлэгтэй болсон тул Японы томоохон Ичиничи банкинд шалгалт өгч тэнцэн ажиллах болсон нь хөдөлмөр зүтгэлийг маань хувь тавилан шагнаж байгаа хэрэг. Энэ бол надад үнэхээр том дэвшлийг авчирсан. Ажлын дадлага туршлага маань бэхжиж, санхүүгийн хувьд ч хэнээс үл хамааран орших эхлэл тавигдсан. Би хүүхдээ үүрээд л сургуульдаа явна, ажлынхаа хажууд байх хүүхэд харах төвд хүүхдээ цагаар харуулаад ажлаа хийнэ. Цайны цагаар өөрөө цай уух гэж биш охиндоо мөөмийг нь идүүлэх гэж гүйж очдог байлаа. Тэр зуур өөрөө нэг хачиртай талх, печень идчихнэ. Намайг мэддэг бүх япон хүмүүс гайхаж, толгойгоо сэгсэрдэг байсаныг эргээд санахад үнэхээр сайхан санагддаг. Би ер нь хэнд ч гомдоллодоггүй, өөрт ноогдсон амьдралынхаа луужингаар л зүтгэж яваа нь тэр шүү дээ.

-Ингэж зүтгэсэн хүн мэдээж сургуулиа амжилттай дүүргэнэ. Монголдоо шууд ирсэн үү. Ирэхдээ юу “авч” ирэв?

-Баярлалаа, амжилттай төгссөөн. Долоо найман жил тэнд өнгөрүүлсэн болохоор Монголдоо яаран ирсэн. Японд миний үлдээсэн, үлдээсэн ч юу байхав дээ, Япон дахь миний баялаг бол тэнд бий болгосон олон бизнес түнш, бизнесийн соёл, туршлага, Японы олон том пүүс компанийн удирдлагууд, захирлууд юм. Энэ бүхнийг би эх орондоо “авч” ирсэн. Эх орондоо ирсэнээс хойш тэдэнтэйгээ хамтарч бизнесийн  олон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдэж ирлээ. Миний хамгийн гол авч ирсэн баялаг бол Японд төдийгүй дэлхийд томд тооцогдох Фүжи холдинг компанийн салбар компанийг эх орондоо үүсгэн байгуулсан явдал юм. Үүнийгээ өнөөдөр удирдан залж ерөнхий захирлын албыг хашиж Монголдоо Япон Монголын хамтарсан банк бус санхүүгийн байгууллагыг олон жил амжилттай удирдаж, хүмүүст, ард иргэддээ санхүүгийн үйлчилгээг үзүүлсээр ирлээ.

-Сайхан түүх юм, таны түүх. Өөрийн бизнесээс гадна төр нийгмийн ажлыг Та бас ажиллуулж явна аа даа…

-Хувь хүн өөрийн бизнесээ сайн авч явахын зэрэгцээ, өөрийн хүч чадлыг нийгмийн тодорхой хэрэгцээт газартаа бас зориулах түгээмэл үүрэгтэй. Би зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд ажиллалаа. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж, одоо Хөдөлмөрийн сайдын орон тооны бус зөвлөхийн ажлыг давхар эрхлэн ажиллаж байна. Түүнчлэн Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирлааражиллаж, төрийн алба, олон нийтийн ажлыг зохион байгуулж гардан удирдах, хамт олноо тавьсан зорилго руугаа чиглүүлэх арга ажиллагааны талаар хихээхэн туршлага хуримтлууллаа.Ер нь, миний хувьд бол аль ч газар ажилласан, болгож бүтээх япон дадал маань ягштал мөрдөгддөг.

– Сонгуульд нэр дэвших эсэхээ эмээгээсээ асуусан гэж яриад байх юм?

– Тийм ээ. Намын удирдлагууд надад санал тавихад нь би эхлээд эмээгээсээ асууна гэхэд их гайхсан байх. Тэгээд шууд эмээ дээрээ очоод мөргөөд, би үргэлж эмээгийнхээ өвдөгнөөс нь адис хүртдэг юм л даа. Тэгээд эмээгээсээ асуусан, эмээ би яах вэ гэж. Эмээ минь 100 давж, зургаадай таяг тулсан ч, ухаан нь саруул. Асуултыг минь сонсоод хэсэг бодлогоширч, дуугүйсууснаа, намайг үнсээд, "Миний муу хүү эмээгийнхээ төрсөн нутгийг сайн сайхан болгож өгвөл эмээ нь нэг сайхан санаа амар явна. Элдэв хүмүүс шиг худал үнэн юм битгий амлаарай. Хийж чадах юмаа хэлээд, хийгээд гоё болгоод өг. Үгүй бол эмээгийн чинь яс өндөлзөнө шүү. Чамайг биш намайг л нутгийн олон ярина шүү…гэсэн.   

Тэгээд би шийдсэн. Би дарга цэрэг болох гэж биш. Өөртөө хэдэн юм наах гэж нэр дэвшээгүй ээ. Надад эмээгийнхээ ачийг ингэж хариулах эрхэм зорилго байна. Эмээг минь төрөхөд нь тосож авсан энэ сайхан нутаг орныг, эмээг минь таньдаг энэ сайхан хүмүүсийг сайн сайхан амьдруулах нь миний зорилго биеллээ гэсэн үг. Эмээгийнхээ ачиг хариулах том боломж. 

Эмээ бие тэнхлүүн үү. Танай гэр бүл хэдүүлээ айл вэ?

-Тэнхлүүн тэнхлүүн. Намайгаа дэмжээд, би эмээгээ дэмжээд бид хоёр он цагийг бүтээсээр явна. Манайх зургуулаа. Хайрт хань Д.Очгэрэл маань ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Газрын Байгаль орчны гэмт хэргийг шалгах хэлтсийн дарга хийдэг.Гурван хүүхдийн минь бага нь ой ч хүрээгүй. Бид хоёр гэж бие биенээ санасан хоёр амьтан. Бас хар нялхаас минь хайрлаж өсгөсөн эмээ минь хамт байна. Өө тэгээд хэдүүлээ бужигналдаад л айл гэр ямар байдаг вэ, яг л тийм уйлахдаа уйлаад, инээхдээ инээгээд сайхан л амьдарч байна даа. 

-Таны хүсч зорьж буй ажил үйлсэд тань амжилт хүсье.

-Баярлалаа.


Ийм нэг идэр, итгэлтэй, эрдэмтэй, ихийг хийх хүсэл мөрөөдөлтэй эмэгтэйтэй ярилцлаа. Өсөх багаас хэрсүүжин, амьдралыг бага балчираасаа сөрөн зогсч, өөрийн баялагаа, түүхээ зурж яваа бүсгүй. Түүнд итгэж найдах хэрэгтэйг явсан зам, туулсан түүх нь харуулж байна. Хүчтэй хүнд хүн итгэдэг. Итгэсэн хүндээ л хүн эвийн сэтгэлээ илгээдэг дээ.


Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт АН-аас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайханы сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж