Өмнөх удирдлагуудын газрын наймааг илчлэв

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

Өмнөх удирдлагуудын газрын наймааг илчлэв

Хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус наймааны талаар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмнөх удирдлагууд буюу МАН-ыг эрх барих үед буюу М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарыг хотын даргаар ажиллахаар хугацаанд 26.9 их наяд төгрөгийн газар олголт хийсэн ч хотын төсөвт ямар ч мөнгө ороогүй хэмээн мэдэгдэж, баримт дэлгэлээ.

Энэ баримтыг Дэлхийн банкны 2013-2015 оны хооронд хийсэн судалгааны 83 дугаар хуудсан дахь “Хотын өмнөх удирддлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол” гэх хүснэгтээс авчээ.

Хотын дарга Э.Бат-Үүл “Уг нь Улаанбаатар хотын газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох журамтай, хуультай. Гэтэл энэ 26.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэхүйц газрыг хотын өмнөх дарга нар хууль бусаар олгосон байна. 26.9 их наяд гэдэг 26000 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж болох мөнгө. Үгүй юм аа гэхэд, гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын ажлыг бүрэн дуусгаж болох их мөнгө" гэв. 


Хотын өмнөх дарга нарын үед олгосон газрын тухай мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Хууль бусаар олгосон гэх газарт Төв шуудангийн өмнөх явган зорчигчийн зам, Төв талбайн урд хэсэг буюу одоо машины зогсоол болсон хэсэг, орос III сургууль болон VI сургуулийн хөлбөмбөгийн талбай, Нэгдсэн Гуравдугаар эмнэлгийн хашаа, зогсоол, Хүүхдийн ордны баруун хойд булангийн явган хүний зам, ногоон байгууламжууд ч багтжээ. 

Хотын одоогийн удирдлагууд ажлаа авсныхаа дараа 200 гаруй газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Харин нэгэнт хууль бусаар олгогдсон барилга, байшин барьсан газрыг тэр чигт нь үлдээсэн гэв. Харин барилга бариагүй, дамлан зарахаар нөөцөлсөн гэх газруудаас дуудлага худалдааны анхны үнийг төлбөрийн хугацаат график гарган нэхэмжилж байгаа аж.

2012-2016 оны хугацаанд нийт 68 тэрбум 493 сая төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэ гэж тооцон, төсөвт төвлөрүүлсэн бол 2016-2019 онд 10 тэрбум 506 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.

Зураглаач: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж